ДЭМБ: Дэлхий нийтийн онц байдал зарлалаа

БНХАУ-д шинэ төрлийн короноавирус гарч дэлхийн бусад улс оронд хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) шуурхай хуралдаан зарласан. Улмаар Хятад улсад дэлгэрч, бусад хэд хэдэн улс оронд тархаж байгаа коронавирусын халдварт өвчний тархалтыг "Дэлхий Нийтийн Онц Байдал" (Global Health Emergency of Inter-national Concern) -д хүрсэн хэмээн зарлалаа. 
Нөхцөл байдлын эрсдлийн энэ түвшинг зарласнаар улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгаж олон улсын нислэгээ зогсоох, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авч болох ажээ. 

Энэ тухай ДЭМБ-ын захирал Тедрос Аданом Гебреисус  "Бидний хамгийн их санаа зовж байгаа асуудал бол эрүүлийг хамгаалах тогтолцоо нь сул байгаа улс орнуудад энэхүү халдварт өвчлөл тархах вий гэдэг асуудал юм. Хятад улс халдварт өвчний тархалтыг хязгаарлах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна" гэж хэлсэн тухай New York Times, Reuters мэдээлжээ.
Түүнчлэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас дэлхий нийтийн онц байдал зарласан энэ цаг үед коронавирусын халдварын тархалт хурдацтай үргэлжилсэн хэвээр байна. Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар халдвар авсан нийт хүний тоо 9,692, нас барсан хүний тоо 213-т хүрээд байгаа хэмээн Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Хорооноос мэдэгджээ. 

Ташрамд мэдээлэхэд Хятадын Шинжлэх Ухааны Академи, Цэргийн Эрүүл Мэндийн ШУ-ны Академи, Ухань хотын Вирологийн Хүрээлэнгийн хамтран бүтээсэн Remdesevir, Chloroquine, Ritonavir гэсэн 3 эм коронавирусын эсрэг эсийн түвшинд үйлчилгээ үзүүлж байгааг туршилтаар тогтоожээ. Энэ эмийг хэрэглэх зөвшөөрлийг авбал эмчилгээнд хэрэглэх боломжтой тухай урд хөршийн хэвлэлүүд мөн мэдээлж байна.