ЭМЯ:  Хэрвээ зохиомлоор үнээ нэмж байгаа эмийн сан байвал ШӨХТГ-ын 18001292 утсанд мэдээлэл өгөх боломжтой

ЭМЯ-наас коронавирустэй холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд  ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар шинэ коронавирусын халдварын байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. Хэнтий аймагт 14 настай хүүхэд нас барсан нь уушигны хатгалгааны улмаас гэсэн таамаг дэвшүүлж байна. Гэхдээ одоогоор шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа.  Мөн 14 настай охинтой ойр байсан гурван хүүхдийг тусгаарласан. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал сайн. Мөн Хонгконгийн онгоцоор ирсэн хоёр иргэнийг тусгаарлаж, ХӨСҮТ-ийн хяналтад авсан, биеийн байдал сайн байгаа гэв.

Мөн Коронавирусийг оншлох оношлуур Япон улсаас ирсэн. Энэхүү оношлуурыг ХӨСҮТ-д ашиглана. Нэг сорьцод нэг оношлуур ашиглана. Шинжилгээний хариу 24 цагийн дотор гарна. Одоогийн байдлаар 200 ширхэг оношлуур хүлээн аваад байна. Цаашид оношлуур тасрахгүй байх тал дээр ажиллаж байна. Коронавирусийн шинжилгээнд орсон хүмүүсийн хариуг гарсан цаг тухайд нь шуурхай өгнө гэв.

Түүнчлэн БНХАУ-ын зүгээс хилийн боомтыг хаах хугацаа дуусч байгаа тул хилээр монголчууд орж ирэх тохиолдол ихсэх хандлагатай байна. Иймээс ЭМЯ-ны зүгээс тухай бүрт иргэдэд хяналт тавьж, ажиллана. Коронавирустэй холбоотой мэдээллийг монголчууд ЭМЯ болон ГХЯ-наас гаргасан албан мэдээлэлд тулгуурлах хэрэгтэй. Одоогоор дэлхийн дахинд 4439 өвчилж, нас барсан хүний тоо 106-д хүрээд байна.  Нас баралт зөвхөн БНХАУ-д бүргэгдсэн. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5796.  Бээжинд 50 настай эрэгтэй нас барсан байна.  Бээжинд цаашаа халдвар дамжиж байгаа гэсэн мэдээлэл байхгүй. Халдвар дамжиж байгаа тохиолдол зөвхөн Ухань хотод бүртгэгдэж байгаа. Уушигны хатгалгаа өвчний талаар тоон мэдээлэл өгье. 2019 оны байдлаар уушигны хатгалгаа өвчнөөр өвчилж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 78135  тохиолдол байна.  Уушигны хатгалгаа өвчнөөр нас барсан 431 тохиолдол бүртгэгдсэн.  

Хятадын Ухань хотоос 31 оюутнаа авчрах асуудалд, Засгийн газар өмнөд хөршийн талд хүсэлтээ тавьсан. Дэлхийн 10 орон иргэнээ авах хүсэлт хүргүүлсэн юм билээ. Хятадын тал нарийн шинжилж, шалгасны дараа өгөх боломжтой гэсэн хариуг ирүүлсэн байна. Оюутнуудыг авчрах онгоц, эрүүл мэндийн ажилтнууд бэлэн байдалд байгаа. 

Амны хаалтын тухайд мэдээлэл өгье. Эм ханган нийлүүлэх байгууллагууд маск их хэмжээгээр оруулж ирж байгаа боловч хомсдол үүсч байна. Одоогийн байдлаар Тавин ус, Монос зэрэг байгууллагын аптекуудад маск худалдаалж байгаа.Амны хаалтын эрэлт өндөр байна. Хангалт нь эрэлтээ гүйцэхгүй байгаа. Үнийн зохиомол хандалт үүсэх хандлагтай болж ирлээ. Хэрвээ зохиомлоор үнээ нэмж байгаа эмийн сан байвал ШӨХТГ-ын 18001292 утсанд мэдээлэл өгөх боломжтой. Дотоодод маск үйлдвэрлэж байгаа "Мөнхийн тун", "Монхимо" гэсэн үйлдвэрүүд байна.  "Мөнхийн тун" хоногтоо 42 мянган амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай болсон.  "Монхимо" хоногтоо 30 мянган амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн байна" гэв. Түүний сэтгүүлчдийн "Оношлуурыг аймгуудад хүргэх үү гэсэн асуултад "Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн тандалтын лабораторид энэ оношлууруудыг хэрэглэнэ. Японоос 200 оношлуур ирсэн. Нэг оношлуурыг нэг удаагийн тохиолдолд хэрэглэнэ. 24-48 цагийн дотор хариу гарна" гэсэн юм.