НЭМҮТ: Хилийн зурвас, боомт дагуу амьдран суудаг ИРГЭДЭД коронавирусээс хамгаалах зөвлөмж

Өмнөд хөршид шинэ төрлийн коронавирус тархаад байгаа. Хэдийгээр манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдээгүй ч иргэдийн дунд эргэлзээ байсаар байгаа.Иймээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд:

“Манай улсад яг одоогийн байдлаар шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа. Эрүүл мэндийн яам болоод салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. 24 цагаар зөвлөгөө мэдээлэл өгөх утас ажиллуулж иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байна. Өвчлөл гарсан улс орноор зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдэгийн хяналт тавьж хэрэв халуурсан, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг ХӨСҮТ-д тусгаарлаж вирүс илрүүлэх шинжилгээ хийж байна. Бүгд шинжилгээгээр үгүйсгэгдсэн.

Хэрэв батлагдсан тохиолдолд иргэдэд мэдээлэл шуурхай хүргэж сэрэмжлүүлнэ. Нуух нь хэнд ч ашиггүй, тэгэх ч шаардлаггүй.  Олон улсын эрүүл мэндийн дүрэм гэж бий. Үүнийг дэлхийн бүх улс орнууд дагаж хэрэгжүүлж ажиллах ёстой. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд ДЭМБ-аас өгсөн удирдамж, зөвлөмжийн дагуу зохицуулагдана. Эрүүл мэндийн сайдын албан даалгавараар бүх эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлаа хангаж ажиллаж, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна. Ийм халдварт өвчинтэй ганц эрүүл мэндийн байгууллага тэмцэхгүй.

Иргэн бүрийн хүчин чармайлт чухал. Тиймээс иргэд бид юуг хийж чадах вэ? гэдэгт ач холбогдол өгөх, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагах, бусдад түгээх, сэрэмжлүүлэх шаардлагатай. Та маскаа зүү, зөв ханиаж найтаа, гараа сайн угаа. Өөрийгөө болоод гэр бүлээ сэргийл. Одоо энэ л чухал болоод байна” гэсэн байна. Мөн өдөр бүр 09:00-18:00 цагт коронавирусийн талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх 8008-6829 утсыг ажиллуулж эхэллээ” гэжээ.

Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн газраас хилийн зурвас, боомт дагуу амьдран суудаг ИРГЭДЭД дараах зөвлөмжийг өгч байна. Үнд: 

  • Сэжигтэй мал, тэжээвэр амьтанд шаардлагагүй тохиолдолд ойртохгүй байх
  • Ханиаж, найтаах, халуурах, амьсгалахад бачуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандах
  • Арьс салстаа гэмтээхгүй байх
  • Шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байх
  • Гараа тогтмол савандаж угаах
  • Амны хаалт зүүж хэвших
  • Даарахгүй байхыг зөвлөж байна