ЭМЯ: Коронавирус харьцангуй хөнгөн хэлбэрээр тархаж байгаа ч архаг хууч өвчтэй хүмүүс хүндээр өвдөж байна

БНХАУ-д бүртгэгдсэн Коронавирусын халдвараар 25 хүн нас баржээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө буюу 23-24-ний шилжих шөнө уушгины хатгалгааны Коронавирусын 830 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 177 хүнд, 25 нас баржээ. Мөн Хубэй мужид 24 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар 20 мужид 2072 сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл гараад байгаа.

Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Албаныхан “ДЭМБ шуурхай хорооны хуралдаанаа хоёр өдөр хийж, шинэ коронавирус өнөөдрийн байдлаар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал олон улсын түвшинд үүсээгүй гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, БНХАУ-аас бусад улсад байгаа тохиолдлын тоо харьцангуй цөөн байгаа нь ийм дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Тоо баримтуудыг дурдвал, ДЭМБ-ын тоон статистик мэдээллээр өнөөдрийн байдлаар 584 хүн өвчилсөн, 17 хүн нас барсан. Харин CNN-ий мэдээллээр 840 хүн өвчилсөн, нас баралт 25 байна гэсэн зөрүүтэй мэдээ бий. ДЭМБ-ын мэдээлснээр нас барсан 17 хүн чихрийн шижин, зүрх судасны архаг өвчин, даралт ихсэх өвчтэй хүмүүс байна. Нийт хүмүүсийн 70 гаруй хувь нь 40-ээс насныхан байна.

Монгол Улсын хувьд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Замын-Үүдээр автобусаар ирсэн хоёр тохиолдол үгүйсгэгдсэн. Эрээн рүү буцаасан. Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргээр Хятадад сэжиглэгдсэн найман тохиолдлын нэгэнтэй нь вагонд хамт байсан гэсэн сэжигтэй тохиолдлыг илрүүлж, тусгаарласан. Орчуулагч 24 настай эмэгтэйг нэгдүгээр зэргийн хавьтал гэдэг утгаар нь тусгаарласан. Хамт явсан хоёр хүнийх нь нэгд нь сэжиг гарсан учраас “Шинжилгээ хийлгэе” гэсэн. Түүнийг түр тусгаарласан, шинжилгээнийх нь хариу өнөөдөр 16.00 цагт гарна.

Мөн 10 хүнийг өчигдөр орой үзлэгт хамруулсан. Зовиур байхгүй учраас гэртээ харьсан. Монголд өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын сэжиг илэрсэн хүн бүртгэгдээгүй байна. Нэг сэжигтэй хүн илэрсэн байж болзошгүй гэж яриад байгаа хүн нь Эрээн рүүгээ буцсан байгаа гэлээ.

Түүнчлэн коронавирусээс хамгаалахын тулд улирлын томуугаас урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй газраар шаардлагагүй бол зорчихгүй байх шаардлагатай байна. Хэдий шинэ вирус ч бусад вирусийн адилаар нарны гэрэлд тэсвэр муутай, вирусийн эсрэг бодисуудыг ашиглаж, хаалга бариул, гэр орноо цэвэрлэж, спирт саван зэргийг тогтмол ашиглаж байх хэрэгтэй гэдгийг онцолсон. Мөн шаардлагатай эмчилгээг хийж чадвал коронавирусээр өвчилсөн хүн эдгэрээд гарах боломжтой. Эдгэрсэн тохиолдол зөндөө бий. Бид өвчтэй, нар барсан тухай нь л яриад байгаа. Харьцангуй хөнгөн хэлбэрээр тархаж байгаа ч архаг хууч өвчтэй хүмүүс хүндээр өвдөж байна. Хоёрдугаарт, шинж тэмдгээ мэдэхгүй байж байгаад оройтож хандсан хүмүүс нас барах магадлал өндөр байна гэдгийн онцолж байсан юм.