НЭМҮТ: АНТИБИОТИКИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ДЭЛХИЙН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ

Нянгийн тэсвэржилт, түүнээс үүдэн ирээдүйд тулгарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийг зохион байгуулдаг болсон. Энэхүү долоо хоногийн гол зорилго нь нянгийн тэсвэржилтийн талаарх дэлхийн хүн амын мэдлэгийг сайжруулах, олон нийт, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчдын дундах сайн дадлыг дэмжихэд оршидог юм.

Тэгвэл энэ жилийн дэлхийн долоо хоногийг 2019 оны арваннэгдүгээр сарын 18-24-ны өдрүүдэд “Антибиотикийн ирээдүй бид бүгдээс хамаарч байна” уриан дор зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ) –ын төлөөлөл мэдээлэл хийсэн. 

Салбарынхны мэдээлснээр антибиотикийг нээж, эмчилгээнд хэрэглэсэн нь орчин үеийн анагаах ухааны чухал ололтуудын нэг байсан боловч байнга хэтрүүлэн эсвэл буруу хэрэглэснээс хүн болон амьтны эрүүл мэндэд тулгамдсан асуудлуудыг үүсгэж, улмаар нян антибиотикт тэсвэртэй болж, эмчилгээ үр дүнгүй болох, эмчилгээний хугацаа уртсах олон аюулыг дагуулж байгаа аж. Иймээс бид анхаарлаа хандуулж, антибиотикийн талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, зохистой хэрэглээг дэмжих,  тэсвэржсэн нянгийн тархалтыг бууруулахад хувь нэмрээ оруулах шаардлагатай байгаа тухай онцолсон. 

Монгол Улсын хувьд нийт эмийнхээ 70 орчим хувийг импортоор авдаг бөгөөд эмчилгээнд хэрэглэж буй эмийн 30 орчим хувийг нянгийн эсрэг үйлдэлтэй эм, антибиотик  эзэлдэг аж. Нян эмэнд тэсвэртэй болохоос урьдчилан сэргийлэхэд бүх хүн үүрэг оролцоотой. Үүнд энгийн бөгөөд үр дүнтэй дараах үйлдлүүдийг өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлбэл “Нянгийн тэсвэржилтийн эрин үеийг сааруулах, цэг тавих”-ад чухал алхам болох төдийгүй “Ирээдүй үе”-дээ хийж буй том хөрөнгө оруулалт болох аж. Үүнд:

  • Гараа савандаж, тогтмол угаах
  • Аюулгүй бэлгийн харилцааг эрхэмлэх
  • Вакцинжуулалтад тогтмол хамрагдах
  • Зөвхөн танд зориулж зөвлөсөн антибиотикийг бусадтай хуваалцахгүй байх
  • Антибиотикийг эмчийн жоргүйгээр дур мэдэн хэрэглэхгүй байх
  • Эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хоол, хүнсээ бэлтгэх
  • Өвдсөн тохиолдолд бусад хүмүүстэй ойрхон харилцахаас зайлсхийх
  • Эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй ус хэрэглэх