Тархины харвалт залуужиж байгаа нь хотжилттой холбоотой гэв

Дэлхий дахинаа жил бүрийн 10-р сарын 29-ны өдрийг тархины харвалттай тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Та тархины харвалтаас сэргийлж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

ДЭМБ, НҮБ-ийн 2013-2020 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд “Халдварт бус өвчнийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд тархины харвалтаас сэргийлэх, тархины харвалтын шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулах талаар тусгасан байдаг. Дэлхийн тархины харвалттай тэмцэх байгууллагын албан ёсны баримтаар дэлхий дахинаа жил бүр 13.7 сая харвалтын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 52 хувь нь эрэгтэйчүүд, 48 хувь нь эмэгтэйчүүдэд тохиолдож байна.

Одоогоор дэлхий дахинд 80 сая хүн тархины харвалтаас амьд үлдсэнээс 50 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Харвасан тохиолдлын дийлэнхи буюу 60 хувь нь 70-аас доош настайдаа харвасан. Амьд үлдэгсдийн 49 хувь эрэгтэй, 51 хувь нь эмэгтэйчүүд байна.

Харвалтын магадлан шинжээч 20 гаруй эрдэмтдийн оролцоотойгоор 2010 онд дэлхийн янз бүрийн бүсийн 119 орныг (өндөр орлоготой 58, бага, дунд орлоготой 61) хамруулан, хүн амын дундах тархины харвалтын эпидемиологийн судалгааны дүнгээр авч үзвэл, харвалтын жилд гарах давтамж 100.000-д 134-336; нас баралт 100.000-д  36-136 байгаа бол Монголд  энэ үзүүлэлт нилээд өндөр түвшинд (харвалт 100.000-д 290; нас баралт 100.000-д 130) байна.

Манай  улсын хүн амын 27.1 хувь нь тамхи, 64.6 хувь нь архи хэрэглэдэгээс 38.3 хувь нь архины тогтмол хэрэглээтэй байна. Жимс ногооны хэрэглээний хувьд зөвлөмжийн хэмжээнээс 3.6 нэгжээр доогуур хэрэглээтэй, 22.3 хувь хөдөлгөөний хомсдолтой, нийт хүмүүсийн 54,4 хувь илүүдэл жинтэй байна. Түүнчлэн нийт хүн амын 27.7 хувь нь артерийн даралт ихтэй, 61.9 хувь нь холестрины хэмжээ ихтэй гарчээ. Халдварт бус өвчинөөр өвчлөх 5 эрсдэлт хүчин зүйлсийн 3-5 нь нийт эрэгтэйчүүдийн 35.2 хувьд илэрсэн бөгөөд энэ нь эрэгтэйчүүдийн насжилт эмэгтэйчүүдээс бага байх гол шалтгаан болж байна. Хүн амын 19.6 хувь нь цусан дах триглицеридийн хэмжээ ихтэй, Бага нягттай липопротейны хэмжээ 42.5 хувьд нь мөн их байгаа нь 25-64 насны 10 хүн тутмын 4 нь судас хатуурах өвчнөөр өвчлөх эрсдэлтэйг харуулж байна. Түүнчлэн 25-64 насны хүмүүсийн 6.9 хувь нь чихрийн шижинтэй гэсэн үзүүлэлтүүд байна.