НЭМҮТ: Иргэдэд хүнсний аюулгүй байдал, чанартай хүнсийг хэрхэн зөв сонгох, хэрэглэх талаар зөвлөв

Жил бүрийн аравдугаар сарын 16-нд “Дэлхийн Хүнсний өдөр”-ийг тэмдэгэлэдэг. Тэгвэл манай улс энэ өдрийг 10 дахь жилдээ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, ХХААХҮЯ, бусад байгууллагуудтай хамтран Сүхбаатарын талбайд “Бидний үйлдэл Бидний ирээдүй: Эрүүл хүнс–Зөв хооллолт Өлсгөлөнгүй дэлхий” уриан дор тэмдэглэлээ.

Нээлтэд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БОХХАА-н Байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, МХХ-ны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгч Винод Ахужа, Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, Монгол дахь гадаадын Элчин сайдын яамдын төлөөлөл оролцлоо.


Өдөрлөгийн үеэр 40 гаруй аж ахуй нэгж, байгууллага, хүнс үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэж буй эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүний талаар танилцуулах үзэсгэлэн худалдаа гаргаж, салбарын мэргэжлийн байгууллагууд эрүүл хүнс-зөв хооллолтын талаар зөвлөгөө өгсөн. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны ЭША-ууд М.Даваасүрэн, Д.Дэлгэрмаа, Д. Ганболор нар иргэдэд хүнсний аюулгүй байдал, шим тэжээллэг, чанартай хүнсийг хэрхэн зөв сонгох, хэрэглэх, зөв зохистой хооллолтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, 9 төрлийн нийт 1500 ширхэг мэдээлэл, сурталчилгааны материал түгээлээ.