НЭМҮТ: Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байна

Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба 40 секунд тутамд нэг хүн амиа хорлож нас бардаг ажээ. Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг ба өдөрт 500 хүн амиа хорлодог тухай ДЭМБ-аас мэдээлсэн байна. 

Тэгвэл Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөрт зориулсан хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Хуралд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Хандармаа, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын ХБӨ-ны асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл болон бусад холбогдох хүмүүс оролцож сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл хүргэж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын 1 нь сүүлийн 1 жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэжээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг. Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15  хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлдэг ба үүний 2,3 хувь нь хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлдэг ажээ.

Тэгвэл Монгол Улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар иргэдийн 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Ингэж сэтгэл гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг ба сэтгэл гутралын сөрөг үр дагавар нь амиа хорлох явдал юм. Түүчнлэн манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам амиа хорлох тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой байдаг нь харагдсан аж. Тиймээс амиа хорлолт нь нийгмийн тулгамдсан асуудал учир амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх ажилд нийгмийн олон салбар, түүний дотор эрүүл мэндийн салбар, боловсрол, хөдөлмөр, хөдөө аж ахуй, бизнес, шударга ёс, хууль эрх зүй, батлан хамгаалах, улс төр, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын хамтын ажиллагаа шаардлагатай байдаг. Эдгээр үйл ажиллагаанууд цогц байх ёстой ба зөвхөн эрүүл мэндийн салбар амиа хорлолтын асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх боломжгүй гэдгийг албааныхан мэдэээллээ.