НЭМҮТ:  ТАМХИНААС ГАРАХААР ШИЙДСЭН БОЛ СУМ, ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ХАНДАН ТУСЛАМЖ АВААРАЙ

ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн 14 дүгээр бүлэгт зааснаар эмнэлгийн анхан шатны байгууллагууд тамхи татдаг хүмүүст тамхинаас гарах тусламж үйлчилгээг хүргэх, тамхинаас гарах зөвлөгөөг өгөхдөө богино хугацаанд үр дүнтэй ажиллах чадвартай байх талаар тусгасан байдаг аж.

Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ДЭМБ-ын санхүүжилтээр “Тамхинаас гарах зөвлөгөө өгөх” сургагч багш бэлтгэх сургалтыг энэ 2019 онд нийт 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн өрх, сумын эмнэлэгт амжилттай зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан эмч мэргэжилтнүүд тамхинаас гарахад бэлэн байгаа мөн бэлэн бус үйлчлүүлэгчдэд тамхиа хаях сэдэл төрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, никотины хамаарлыг нь тогтоож 3-5 минутанд багтаан сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, никотин орлуулах эмчилгээг санал болгох түүнчлэн нийгмийн дэмжлэг үзүүлэх зэргээр тамхинаас хурдан гаргах чадварыг эзэмшсэн ажээ. Иймд хэрэв та тамхинаас гарахаар шийдсэн бол сум, өрхийн эмнэлэгт хандан тусламж үйлчилгээ аваарай хэмээн зөвлөж байна.