ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР дахь ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ

Их эмч: Б.БУЯНТОГТОХ

Саяхан АНУ-н нийгмийн хамгааллын байгууллагаас гаргасан сүүлийн 20 жилийн инфляцийн судалгаагаас харахад эрүүл мэндийн үйлчилгээний инфляци суурь инфляциас  4 дахин их гэж гарсан байна. ­Яагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний инфляци ийм өндөр байна вэ?

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд технологийн дэвшлийг ихээхэн ашиглах боллоо. Цаашдаа ч бүр их ашиглах нь дамжиггүй юм. Технологи бүрийн цаана өндөр өртөг байдаг ба энэ нь өөрөө тогтмол зардал нэхэж байдаг нь хяслантай. Технолгийн дэвшилтэй хамт явахыг хүсвэл заавал төлбөр төлөх хэрэгтэй болно. Төлбөрийг бид бүгдээрээ л төлөх болно. Гэхдээ бидэнд тодорхой шийдэл хэрэгтэй байх. Энэ үүднээс төр хувийн хэвшлийн түншлэлийн ( ТХХТ) талаар өөрийн болон хамтарч ажилладаг найз нөхдийнхөө санаа бодлыг илэрхийлж байна.

Эрүү мэндийн сайдын 2017 оны 12 сарын 27 ны  А/533 тоот тушаалаар эрүүл мэндийн салбарын ТХХТ чиглэлийн жагсаалтыг баталсан. Уг тушаалд  манай эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх 8 чиглэлийн 60 заалт бүхий үйл ажиллагааг оруулж өгсөн. Ямартай ч бид бодлогын баримт бичигтэй болсон нь сайшаалтай ч уг тушаалыг дагаж гарах ёстой зарим заавар хараахан гараагүй байна магадгүй боловсруулалтын шатандаа яваа биз ээ.

Дээр дурдсан эрүүл мэндийн технологийн хэрэгцээг ТХХТ-ээр шийдэх боломж бий юу? Бидэнд хийж ирсэн туршлага байгаа юу? Дэлхий дахин уг асуудалд ямар бодлого барьж байгаа вэ? Гэсэн асуултуудад хариулах хэрэг гарч байна.

Технологийн шийдлийг ТХХТ-ээр шийдэх нь магадгүй хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга байж болох тухай олон улсын туршлага ихээхэн байдаг юм байна. Эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй, нэг иргэнд ногдох эрүүл мэндийн зардал 4000 америк доллар давж зарцуулдаг орнуудын хувьд иймэрхүү шийдэл шаардлагагүй байж болох юм. Харин манайхтай ижил түвшинд байгаа орнуудын хувьд ийм туршлага цөөнгүй байдаг юм байна.

Манайх өнөөдөр нэг иргэндээ 200 орчим америк доллартай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулж байгаа бөгөөд энэ нь нийт улсаараа 640.0 сая америк доллар буюу 1.7 их наяд төгрөг гэсэн үг. Энэ хэмжээний мөнгөөр өндөр технологитой хөл нийлүүлээд явах боломж бараг байхгүй. Тэхээр энэ нь бидэнд зайлшгүй төр-хувийн хэвшлийн түншлэл хэрэгцээтэй болохыг харуулж байна.

Бидэнд ийм туршлага байгаа юу? Яг сонгодог хэлбэрээрээ хараахан хэрэгжүүлж эхлээгүй байна. Ганц нэг байгаа гэж бодож байгаа нь хэлбэрийн хувьд тэс өөр.  

Дэлхийн туршлага ямар байдаг бэ?   АНУ-н PWC (www.pwc.com/ global-health) болон Сан-Франциско хотын Калифорний их сургуулийн Global Health Sciences институтаас (website:tiny.ubsf.edu/globalhealthgroup) энэ оны эхээр гаргасан Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-н загвар, цаашдын чиг хандлага, сургамж гэсэн судалгааны  бүтээл гарсан.                     Уг  бүтээлд эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-н явж ирсэн түүх, түүхэн сургамж, хүрсэн үр дүнг тодорхой оруулж өгсөн байна.

ТХХТ-ийн загварыг дараах 3 үндсэн хэлбэрт хувааж өгсөн ба тус бүрдээ өөр өөрийн давуу сул талыг оруулж өгснөөрөө онцлогтой.  

Үүнд:

  1. Infrastructure –based model
  2. Discrete Clinic Service model
  3. Integrated PPP model 

Дээрх 3 хэлбэрийг хэрэгжүүлэхдээ эхлээд хэрэгцээ шаардлагаа тодорхойлох дараагаар нь ТЭЗҮ боловсруулах улмаар нээлттэй тендер зардах зэрэг алхам бүрийг зааж өгсөн байна. ТХХТ-ийн хувьд дараах нийтлэг шинжийг агуулдаг байна.

Үүнд:  

  • Хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийх
  • Нийтийн буюу төр газар болон дэд бүтцээ гаргах
  • Нэгээс дээш хөрөнгө оруулагч нийлж консерциум байгуулан орж болох ба энэ тохиолдолд дундын аж ахуйн нэгж байгуулах
  • Гэрээг урт хугацаанд хийх
  • Гэрээ дуусгавар болсны дараагаар өмчийг улсын талд шилжүүлэх... гэх мэт

            Харин манайд...Бид энэ талаар туршлага багатай хараахан сонгодог утгаар хэрэгжүүлж эхлээгүй байна. Одоогийн III шатлалын эмнэлгүүд өөрийн эзэмшлийн талбайгаа хувийн хэвшлийн эмнэлэгт түрээслэх иймэрхүү хэлбэр явж байна. Төрийн эмнэлэг дотор хувийн эмнэлэг байрлуулах нь ТХХТ гэж хэлэх үндэс болохгүй бөгөөд энэ нь талбай түрээслэх үйлчилгээ мэт харагдаж байна. Магадгүй энэ хэлбэр иргэдийг төөрөгдөлд оруулах эрсдэлтэй ч байж болох юм. Талбай түрээслэхийг  түншлэл гэж ойлгож боломгүй санагдана. Жишээлбэл, БНСУ зарим эмнэлгүүдэд технологийн компаниуд бид бүгдийн сайн мэдэх MRI, CT зэрэг тоног төхөөрөмж суурьлуулаад орлогоо эмнэлэгтэйгээ 30/70 хувиар хуваадаг.

 Улсын эмнэлгүүд нэн шаардлагатай байгаа байгаа дэд бүтэц, технологи дээрээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татаж бий болгосноор төсвийн хөрөнгө оруулалт хүлээхгүйгээр  иргэдэд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэх юм. Гол асуудал бол улсын эмнэлэг өөрийн талбайгаасаа түрээсийн цөөн төгргийн ашиг аваад суух бус ТХХТ-н зарчмаар орлогоо хувааж  хүртэж улмаар ажилчдынхаа нийгмийн асуудлыг төсвийн мөнгөнд баригдахгүйгээр тодорхой хэмжээнд шийдвэрлэх боломжтой юм.