“Нэг эрүүл мэнд” олон улсын эрдэм шинжилгээний VI симпозиум үргэлжилж байна

Симпозиумын үйл ажиллагаа 2019 оны 9-р сарын 18-ны өдөр Новотел зочид буудлын Хурлын танхимд эхэлсэн.
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар болон АНУ-ын Дюк Их сургуулийн профессор Др. Грей нар хурлыг нээж үг хэлэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Нэг эрүүл мэнд” эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсэж илгээлт ирүүлснийг ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хуралд оролцогсдод уншиж танилцуулсан юм.

“Дэлхий дээр халдварт өвчний дотор зоонозын халдвар 75-80 хувийг, түүний дотор вирүст халдвар 75 хувийг эзэлдэг. Монгол орон 70 сая гаруй мал, ан, араатан, жигүүртэн, хачиг, шумуул, эгэл биетэн, халдварын агуулагчтай байгаа нь зоонозын 30 гаруй өвчин гарах боломж нөхцөл бүрдсэнийг илтгэнэ.
Нэг улс орон, нэг салбар дангаараа шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнүүдтэй /Зика вирүс, Эбола г.м/ тэмцэж чадахгүй учраас дэлхийн улс орнууд, нийгмийн бүх салбарууд “Нэг эрүүл мэнд” үзэл санаан дор нэгдэж байна. Нутагшмал, шинэ болон сэргэж буй халдварт өвчнүүд болон НЭМ-ийн аюул, ноцтой байдлын эрсдэл нэмэгдэж буй үед үр дүнтэй хариу арга хэмжээ авах түүнчлэн хүн, малын ЭМ-ийн салбарын хамтын ажиллагаа төдийгүй, орчны ЭМ, мал амьтан, ургамал, ус, хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай болж ирсээр байна.

“Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын чиглэлээр хийгдэж буй энэхүү ОУ-ын хурал нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад ашиглах, практик үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагдаж байна. Тус симпозиумд гадаадын 6 орны 25 төлөөлөгч аман илтгэл 17, ханын илтгэл 4, дотоодын 95 төлөөлөгч аман илтгэл 14, ханы илтгэл 20 гаруйг хэлэлцүүлнэ.

Зохион байгуулагчид: ЭМЯ, НЭМҮТ, АНУ-ын Дюк Их сургууль түүний салбар сургуулиуд болон ХӨСҮТ, ЗӨСҮТ, МЭХ байгууллагууд
Симпозиумд:
• Шинэ болон сэргэж буй халдвар
• Дархлаажуулалт бүхий халдварт өвчин
• Зоонозын халдварт өвчин, тархалт
• Мал, амьтны ЭМ-ийн асуудал
• Орчны ЭМ-ийн тулгамдаж буй асуудал
• НЭМ-ийн ноцтой байдлын бэлэн байдал, хариу арга хэмжээ сэдвийн хүрээнд дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын илтгэл танилцуулагдах юм.