“Суралцъя, хөгжье” уриатай “RISE” хөтөлбөрт НЭМҮТ нэгдлээ 

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хамтдаа суралцъя, хөгжье” уриатай “RISE” хөтөлбөрийн нээлт “Crocus event hall”-д 2019 оны 9-р сарын 15-ны өдөр боллоо.

Шинэ оюутнуудын зайлшгүй мэдвэл зохих мэдээллийг нэг дор цогцоор нь төвлөрүүлсэн булангуудыг энэ үеэр ажиллуулсан нь онцлог байв. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ЭША-нууд оюутнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрхэн хамрагдах болон эрүүл мэндийн боловсролын талаар, ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн даатгалын талаар, мөн 18-34 насныхан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хэрхэн хамрагдах талаар, түүнчлэн ХГБХГ-аас Сайн дурын ажилтнуудыг бүртгэх, хэрхэн хамтрах талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн бол “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зүгээс нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны цахим картын ухай мэдээлэл хүргэлээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд шинээр оюутан болсон хүүхэд залууст зориулан бие даан амьдрах, хотын соёлд суралцах, санхүүгээ зөв зохицуулах, амжилттай суралцах арга барилд сурган дэмжих зорилгоор бүтэн жилийн турш олон сонирхолтой арга хэмжээ, сургалт, хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Өнгөрсөн жил тус хөтөлбөрт 800 гаруй оюутан хамрагдаж байсан бол өнөө жил 1000 оюутан нэгдэж, “Rise”-ын нээлтэд хүрэлцэн иржээ.
“Rise” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд оролцсон оюутан залуус сэтгэл хангалуун, дурсамж дүүрэн нэг өдрийг ХААН Банк Сан болон Unread-ийн хамт олонтой өнгөрүүлсэн юм. Уг хөтөлбөрийн хүрээнд хичээлийн жилийн турш олон сонирхолтой, үр өгөөжтэй сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажээ.