НЭМҮТ:

Бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүүгийн өвчлөлийг бууруулах, улмаар төрөлхийн тэмбүүг устгах талаар эрүүл мэндийн салбарын хэмжээнд дорвитой арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Тодруулбал, Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/, Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/ хамтран хэрэгжүүлж буй “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг өрнүүлээд байгаа билээ. 

"Тэмбүүг утсгая" үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээр "Улаантууз" эмнэлгээр долоо хоногтоо 280-300 хүн үйлчлүүлдэг байсан бол 480-540 хүнд хүрч ажиллаж эхэлжээ. Мөн иргэд сайн дурын үзлэгт идэвхтэй хамрагдаж байгаа юм. Түүнчлэн "Тэмбүүг устгая" үйл ажиллагааны хүрээнд нийгмийн сүлжээгээр дамжуулан залууст мэдлэг мэдээлэл өгөх үүднээс "УЛААН ТУУЗ" цахим хуудсаар зөвлөгөө мэдээлэл өгч эхлээд байна.  

Түүнчлэн Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд дараах арга хэмжээг авсан тухай мэдээлж буй. Үүнд: 

Булган, Баянхонгор аймгуудад заг хүйтэн өвчний өсгөвөр шинжилгээ мөн трихомониаз оношлох аргуудыг практикт шинээр нэвтрүүлэв.

Өмнөговь аймгийн Ханбогд суманд 693 хүнд үзлэг шинжилгээ хийн 17 тэмбүү, 22 заг хүйтэн, 6 трихомониаз өвчин илрүүлэн бэлгийн хосын хамт эмчлэв.

Өмнөговь аймгийн Гурван тэс суманд 553 хүнд үзлэг шинжилгээ хийн 6 тэмбүү, 4 заг хүйтэн, 6 трихомониаз, 95 нянгийн гаралтай үтрээний үрэвсэл, 24 мөөгөнцөр өвчин илрүүлэн бэлгийн хосын хамт эмчлэв.

“ХДХВ- халдвар илрүүлэх шинжилгээг duol хурдавчилсан тестээр хийх арга, аргачлал” сэдвээр онлайн сургалтыг 15 аймгийн 96 эмч мэргэжилтэнд хийв.

Нийгмийн сүлжээн дэх “Улаан тууз” хуудсаар зөвлөгөө мэдээлэл аваарай.