Д.Нарантуяа: Судалгааны дүнгээр өнөөдөр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 966  хэрэглэгч байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1987 оны 12-р сарын 7-ны өдрийн 42/112 тоот тогтоолоор  жил бүрийн 6-р сарын 26-нд мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн  эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргажээ. энэ өдөр нь өнөөдөр тохиож буй юм. Тэгвэл “Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”-т зориулан холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр Эрүүл мэндийн яамны хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Сайнжаргалын мэдээлснээр дэлхийд 269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 11-21 сая нь судсаар хар тамхи хэрэглэгчид байна. Тэдний 6,6 сая нь ХДХВ/ДОХ-ын халдвартай амьдарч байна. Манай улс хар тамхи хэрэглэгчийн тоогоороо дэлхийд тэргүүлэгч хоёр улс болох ОХУ, БНХАУ-ын дунд оршиж байгаа нь эрсдлийг нэмэгдүүлж байгаа аж. Мөн Монгол Улсын иргэд 2017 онд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой 117 хэрэгт 275 хүн холбогдож байсан бол2018 онд 197 гэмт хэрэгт 403 хүн холбогдож гэмт хэргийн гаралт 75 хувиар өссөн байна. Цаашид энэ тоо өсөх хандлагатай байна. Тодруулбал, Монгол Улсад энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил ирэх тусам 30-35 хувь өсч байна. Гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувийг 18-35 насны залуус эзэлж байгаа нь нийгмийн эрүүл мэнд, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй холбогдогчдыг боловсролоор нь ангилвал дээд боловсролтой 44, тусгай дунд боловсролтой найм, бүрэн дунд боловсролтой 137, боловсролгүй гурван хүн холбогдон шалгагдаж байгаа аж. 

 

Түүнчлэн албаныхны мэдээлснээр "Мансууруулах бодистой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд эрх зүй ба эрүүл мэнд нь нэг зоосны 2 талтай адил гэдгийг энэ жилийн мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрөөр чухалчлан авч үзэж, кампанит ажлын гол сэдвээ болгосон байна.
“Эрүүл мэндэд эрх зүй” - “Эрх зүйд эрүүл мэнд” гэдэг нь:

  • Хүн бүрт шаардлагатай эмчилгээг хүртээмжтэй хүргэдэг байх
  • Эрүүл мэнд, эрх зүйн талаарх судалгаа шинжилгээнд суурилсан хүн амын мэдлэгийг нэмэгдүүлэх
  • Мансуурлаас сэргийлэлт, нийгмийн оролцоо, нийгмийн хамгаалал нэгдмэл байх

Хууль сахиулах, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж нэгдсэн шийдэлд хүрэхэд оршино.Хувь хүн, төр, хувийн хэвшлийн  байгууллагуудыг мансуурлын эсрэг дэлхийн өдрийн кампанит ажлын хүрээнд боловсруулсан дээрх багц мэдээллийг нийтэд түгээхийг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас уриалж байгааг мөн дуулгасан. 

Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа “Монгол Улсад 1999-2018 он хүртэл хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний байдлын талаарх судалгааг хийсэн байдаг. Судалгааны дүнгээр өнөөдөр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 966  хэрэглэгч байна. Үүнээс байнга хэрэглэдэг хэрэглэгч нь 708 байгаа гэсэн тоон мэдээ бий. Эдгээр иргэдийн дунд эрүүл мэндийн шинжилгээ хийж үзэхэд бэлгийн замын халдварт өвчин болох ДОХ-ын тохиолдол илрээгүй. Гэхдээ 17 тохиолдолд тэмбүү өвчин, 20 хувь нь элэгний С вирусын халдвар авсан байна” гэсэн юм.

Дашрамд мэдээлэхэд дэлхийд 269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 1-21 сая нь судсаар хар тамхи хэрэглэгч аж. Тэдний 6.6 сая нь ХДХВ ба ДОХ-ын халдвартай амьдарч буй бөгөөд гурван минут тутамд нэг хүн хар тамхи, мансууруулах бодисын улмаас амь насаа алдаж буй харамсалтай статистик байдаг ажээ.