АТГ: Улсын эмнэлэгт хэвтэж буй өвчтөний сахиур хүйтэн шалан дээр картон цаас дэвсээд хэвтэж байна

Улсын эмнэлэгт нэг шинжилгээ өгөхийн тулд 20-30 хоногийн дараа л үзүүлэх дугаар авч байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлдэг. Түүнчлэн хувийн лабораториор үзүүлэх шинжлүүлэх боломжгүй хүмүүс хорт хавдар өвчнөө эрт үед нь илрүүлэх, эмчлүүлэх боломж бололцоог хязгаарлаж, улмаар амь насаа алдахад хүргэдэг шалтгаан нөхцөл болж байна.

Энэ тухай өчигдөр АТГ-ынхан хэлсэн. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, нийслэлийн “Өргөө” амаржих газар зэрэг эрүүл мэндийн салбарын 6 байгууллагын үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох эрсдэлийн үнэлгээ хийжээ.

Энэ үнэлгээний тайланг өчигдөр танилцуулж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид улсын эмнэлгүүдэд байгаа авлига, ашиг сонирхлын зөрчлийг хэрхэн бууруулах талаар хэлэлцүүлэг хийх үерэрээ дээрх мэдээллийг өгсөн. Түүнчлэн Улсын эмнэлгүүдийн худалдан авах ажиллагаа нь учир дутагдалтай, эмнэлгийн хэрэгсэл эмийн худалдан авалт хийхдээ нээлттэй бус тендерээр явуулах явдал хавтгайрсан нээлттэй тендерээр явуулах ёстой ажлыг харьцуулалтын аргаар хийх зэрэг олон зөрчил илэрсэн аж. 

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү “Анхан болон дунд шатны эмнэлгүүд гэхээсээ илүү гурав дахь шатлалын эмнэлэгт иргэд ихээр үйлчлүүлэхээр очсоноос үүдэн асар их дугаарлалт үүсч байгаа нь авлига авах, өгөх нөхцөл байдал бий болгож байна. Улсын эмнэлгүүд дэлхийн хоёрдугаар дайны үеийн гэмээр нөхцөл байдалтай л байна. Хүйтэн цементэн шалан дээр картон цаас дэвсээд хэвтэж байгаа сахиур хүртэл харагдаж байна.  Энэ асуудалд ганц эмнэлгийг буруутгах боломжгүй юм. Бүр тогтолцоогоор нь бодлогын хэмжээнд өөрчилж шинэчлэх шаардлагатай байгаа. Эмнэлэг, эрүүл мэндийн салбарт Монгол Улсын бүх хүнд хамаатай, амь насны асуудал яригддаг зүйл учраас тэгш хүртээмжтэй болгох ёстой” гэв.