Б.Хонгорзул: Өнчин тархины эмгэгийг үүдэл эсээр эмчлэх боломжтой гэж олон орны судлаач үздэг

Шинэ зууны эмчилгээний томоохон дэвшил бол үүдэл эс. Дэлхий дахинд үүдэл эсийн эмчилгээ, судалгаа эрчээ авч байна. Нэг ёсондоо үүдэл эс бол хүний бие дэх түргэн тусламж гэж хэлж болно.

Учир нь хүн өвдөж, гэмтсэн тохиолдолд эсүүд нь  үхдэг. Энэ үед үүдэл эс идэвхжиж, үхжсэн, гэмтсэн эсийг шинэчлэн нөхдөг аж. Үүдэл эс нь өөрчлөлтөнд ороогүй биологийн эс бөгөөд тусгай зориулалттай болон  хуваагдаж олширч чаддагаараа давуу талтай. Тиймээс үхсэн эсийг нөхөн төлжүүлдэг чанарыг нь ашиглан аливаа өвчнийг эмчлэх  боломж бүрдээд байна. Хорт хавдар, цус харвалт, нуруу нугасны гэмтэл, арьсны түлэгдэл гээд олон төрлийн өвчнийг эмчлэхэд үүдэл эс чухал үүрэгтэйг эмч, судлаачид хэлж байгаа. Энэхүү аврагчийн талаар олон орны судлаач, эмч нар маш нарийн судалдаг боллоо.

 Манай улс ч гэсэн энэхүү эмчилгээг нэвтрүүлж эхлээд байгаа. Цусны хавдартай өвчтөнийг дунд чөмөгнийх нь үүдэл эсээр эмчилж байгаа тухай холбогдох мэргэжлийн эмч нар ярьдаг. Гэтэл зөвхөн чөмгөөр тогтохгүй хүний өөхнөөс үүдэл эсийг нь ялган авч эмчилдэг аргыг цөөнгүй улс нэвтрүүлсэн тухайгаа өнгөрсөн баасан гарагт болсон  үүдэл эсийн эмчилгээний хурлын үеэр онцолсон юм.

 БНСУ-д өөхнөөс үүдэл эс ялган авч эмчилдэг аргыг өргөн хэрэглэдэг болжээ. Тус улсын иргэн Үүдэл эсийн эмчилгээний олон улсын нийгэмлэгийн ерөнхийлөгч Тэёон Ким хэлэхдээ “Манай улс үүдэл эсийн эмчилгээг 2007 онд нэвтрүүлсэн. Хүмүүс үүдэл эсийн эмчилгээ хийлгэх сонирхол их байдаг. Гэвч тэр үед эмийн компаниуд үүдэл эсийг хяналтгүйгээр ашиглаж , элдэв төрлийн биологийн бүтээгдэхүүн гаргаж авдаг болсон тул төрөөс үүдэл эсийн эмчилгээнд хориг тавьсан. Төрөөс хориг тавьчихсан чинь иргэд өөр улс орон руу явж үүдэл эсийн эмчилгээ хийлгэж эхэлсэн. Тиймээс дотоодын эдийн засгаа дэмжихийн тулд 2009 онд үүдэл эсийн эмчилгээ хийхийг хуулиар зөвшөөрсөн. Бид тухайн өвчтөний өөхнөөс үүдэл эсийг ялган авч эмчилдэг болсон. Үүдэл эсийн эмчилгээ хийлгэхэд эмнэлэгт хэвтэж олон хоног үрэх ямар ч шаардлагагүй. Ердөө цаг гаруй хугацааг зарцуулахад л хангалттай. Сүүлийн үед бөөр, үе мөчний өвчнийг үүдэл эсээр эмчилж байгаа. Эмчилгээний өртөг ч тийм өндөр биш байдаг. Дэлхий дахинд үүдэл эсийн эмчилгээг чухалчлах болсон нь сайн талтай. Өвчтөнийг өөрийнх нь эсээр эмчилж байгаа учраас аюулгүй байдаг. Нэг анхаарах зүйл нь үүдэл эсийн хадгалалт. Хамгийн багадаа 10 жил хадгалахын тулд лаборатори нь дээд зэргийн шаардлага хангасан байх ёстой. Өвчтөнөөс ялгаж авсан 10 сая эсээр ердөө 2-3 удаагийн эмчилгээ л хийдэг” хэмээв.

АНУ-д л гэхэд дан ганц эмчилгээнд бус  хувь хүний мэдээллийн санг бүрдүүлэх, удамшлын өвчнийг нь тогтоох гээд олон талаар үүдэл эсийг ашигладаг байна. Тухайлбал, “My hertage” компанид л гэхэд 92 сая хүн ханджээ. Эмчилгээ хийлгэхээс гадна хүмүүс өөрийнхөө ДНК-г бусад хүмүүсийнхтэй харьцуулах мэдээллийн сан бүрдүүлэх гээд олон талаар ашигладаг болжээ.  Мөн “Ancestry” нэртэй компани үүдэл эсийн шинжилгээгээр гэр бүлийнх нь удмын талаарх мэдээллийг гаргаж өгдөг юм байна. Иймэрхүү  үйлчилгээний өртөг нь 100-200 ам.доллар байдаг бөгөөд нэлээд эрэлттэй бизнест тооцогддог ажээ.

Монголын эрдэмтэн, эмч, судлаачид ч гэсэн үүдэл эсийн эмчилгээнд нэлээд анхаарал хандулж буй. Гэхдээ судалгаа хийх нэг өөр. Эмчилгээнд нэвтрүүлэх нь хамгийн гол алхам. Үүдэл эсийн эмчилгээ хийхийн тулд хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй. Манайд эд эртхэн шилжүүлэн суулгах, эсийн эмчилгээ хийх талаар тусгайлан хууль гаргах шаардлага гарч ирж буйг холбогдох албаны хүмүүс онцлов.

 Б.Хонгорзул: Хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг бага насанд эмчлүүлбэл үр дүнтэй

Монголд үүдэл эсийн судалгаа хийдэг цөөн эрдэмтэн бий. Түүний нэг нь АШУИС-ийн Шинжлэх ухаан технологийн газрын судлаач, мэргэжилтэн Б.Хонгорзул. Тэрбээр өнчин тархины үүдэл эсийг судалсан талаараа илтгэл тавьсан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өнчин тархины үүдэл эсийн талаар та судалжээ. Өнчин тархи ямар онцлогтой эрхтэн бэ?

-Эсийн дохиолол болон наалдамхай уургууд нь үүдэл эсийг үйл ажиллагаа явуулахад хэрхэн нөлөөлж байгааг би судалсан.

Энэ уураг үнэхээр хэрэгтэй юү, үгүй юү. Хэрэгтэй бол аль шатанд нь оролцож, яаж нөлөөлөн, цаашид яах вэ гэдгийг судаллаа. Ингэхдээ өнчин тархи буюу гипофиз гэдэг эрхтэнийг сонгосон. Өнчин тархи бол хүний бие махбодын дотоод бодисын солилцоог зохицуулдаг, маш олон төрлийн даавар ялгаруулдаг, өмнөд, завсрын, урд гэсэн гурван хэсгээс бүрддэг эрхтэн. Өнчин тархины урд хэлтрийг нарийвчлан судлаад хамгийн гол дааврууд ялгардгийг мэдсэн.

Жишээ нь, эмэгтэй, эрэгтэй хүний бэлгийн бойжилт, бөөрний дээд булчирхайг дэмжигч нийт зургаан төрлийн эсээс есөн төрлийн даавар ялгардаг. Тэдгээр нь хүний бүх эрхтэнд хүрч, зохицуулалт хийдэг. Эл даавруудыг үүсгэдэг гол эсүүдийг судалчихвал түүнийг хэзээ, хаана, яаж идэвхтэй хөгжүүлдгийг мэдэх боломжтой.

-Тэгэхээр өнчин тархины эмгэгтэй өсөлтгүй болсон хүмүүс байдаг. Энэ хүмүүсийг үүдэл эсээр эмчлэх боломжтой юу?

-Өнчин тархины эмгэгийг үүдэл эсээр эмчлэх боломжтой гэж олон орны судлаачид үздэг. Зарим оронд хөгжлийн хоцрогдолтой хүүхдэд үүдэл эсийн эмчилгээ хийж байгаа. Гэхдээ эмчилгээний үр дүн нь харилцан адилгүй байдаг. Хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг бага насанд нь эмчилгээ хийвэл илүү үр дүнтэй нь судалгаагаар батлагдсан. Монголд үүдэл эсийн эмчилгээг хөгжүүлэхийн тулд эд эсийн банк байгуулах шаардлага тулгарч байна.

                                                        сэтгүүлч Ч.Хишиг