Д.Сарангэрэл: Нийт халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү эзэлж байна. ЭМЯ энэ өвчинтэй

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Өрхийн эмнэлгийн даргын өгүүлснээр тус өрхийн эмнэлэгт 2018 онд тэмбүү өчнөөр өвдсөн 43 жирэмсэн эх хандсан бол энэ он гарсаар 13 тохиолдол бүртгэгдсэн ажээ. Мөн анхан шатны өрхийн эмнэлгүүдэд энэ өвчнийг эмчлэхэд багагүй хүндрэл учирч байгаа бөгөөд хавьтагч нь эмчилгээнд хамрагдахгүй байх тохиолдол цөөнгүй гарч байгаа аж.

Энэ бол манайх шиг цөөн хүн амтай оронд тун эмгэнэлтэй тоо баримт бөгөөд иймээс Эрүүл мэндийн салбарынхан энэ өвчинтэй "тулалдахаар" болжээ. Энэ тухай өнөөдөр салбарын сайд  Д.Сарангэрэл тэргүүтэй салбарынхан мэдээлэл хийсэн. Сайд хурлын эхэнд "Өнөөдрөөс эхлэн бэлгийн замаар дамжих халдварт өвчний нэг болох тэмбүүг устгахаар зорилт тавин ажиллах болно" гэдгийг онцоллоо. Тэрбээр цааш нь “Эрүүл мэндийн яамнаас бэлгийн замаар дамжих халдварт өвчин болох тэмбүү өвчинтэй “дайн зарлаж” байна. Өнөөдөр нийт халдварт өвчний дунд тэмбүү өвчний эзлэх хувь 35-40 хувьтай байна. Жилд ойролцоогоор 50-55 төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол илэрч байна. Монгол Улсад 1990-ээд оноос өмнө нийт хүн амынхаа 95.5 хувийг тэмбүү өвчний урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, 87 хувийг нь эмчилж байсан түүх бий. Одоо энэ бэлгийн замаар дамжих халдварт өвчинг устгаж, тэмцэх цаг нь болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд хоёр удаа тэмбүү өвчний талаарх нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байсан. Мөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ чиглэлд анхаарлаа хандуулж байгаа. Тэмбүү өвчний талаар олон жил ярихаас хэтрэлгүй, шүүмжилсээр ирлээ. Тиймээс салбар яамнаас хоёр жилийн хугацаанд хоёр том зорилттойгоор тэмбүү өвчинг устгахаар ажиллах гэж байна” хэмээн онцолсон юм. Түүнчлэн энэ үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал “Монгол Улсын нийт хүн амын дунд “Төрөлхийн  тэмбүүг устгая” хоёр жилийн аянг зохион байгуулна. Уг аяны хүрээнд жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулж, төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг бууруулах болон хүн амын дунд тэмбүү өвчнийг оношилж, эмчлэх гэсэн хоёр том зорилтыг тавина ажиллана. Мөн аяны хугацаанд хүн амын дунд тархалт их байгаа эрсдэлт бүлгүүдэд хүрч ажиллах болно. Тухайлбал, уул уурхайн салбарт алт олборлож буй иргэдийн дунд өвчлөл их байна” гэдгийг онцолж байлаа. 

Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү "Монгол Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин Социализмын үетэй харьцуулахад эрс нэмэгдсэн. Нийгмийн хүчин зүйл болох архидалт, биеэ үнэлэлт, гэр бүл салалт, ядуурал зэрэг сөрөг үзэгдлээс үүдэлтэй” гэсэн юм.

Түүнчлэн энэ хурлын үеэр эмч нарын хэлсэн бас нэг үг анхаарал татсан нь  "Энэ өвчин ганц эрүүл мэндийн салбарын асуудал бус хувь хүний эрүүл мэндийн асуудал. Тиймээс иргэд тэмбүү өвчний шинжилгээнд идэвхтэй хамрагдаарай. Үзлэг шинжилгээнд хамрагдсанаар гурван удаагийн хүчжүүлсэн пенцлин тариаг зургаан цагийн зайтайгаар долоо хоног тарьдаг. Ингэснээр тэмбүү өвчин бүрэн эдгэрч, эмчийн хяналтад жилийн хугацаанд байх болно. Хамгийн гол нь өвдсөн хүмүүс дахин халдвар авахгүй нь тулд хавьтагчаа нуулгүй хэлэх ёстой. Оношилгоонд онцгой анхаарч, маш их хүн хүч, хөрөнгө мөнгө зарсан аянд иргэд маань идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь жирэмсэн эхчүүд эмчийн хяналтад оролгүй төрөлхийн тэмбүүтэй нярай төрүүлж байна. Жирэмсэн эмэгтэй тэмбүү өвчнөөр өвдсөнд ч эмчлэгдэх бүрэн боломжтой. Ураг ч эрүүл төрнө” гэдгийг онцолсон явдал байлаа. 

Дашрамд мэдээлэхэд, бэлгийн замаар дамжих тэмбүү халдварт өвчний улмаас 2018 онд 11 нярай нас барж, 14 амьгүй төрөлт бүртгэгджээ. Харин 2019 оны эхний тавдугаар сард бүртгэгдсэн 29 тохиолдлын нэг хувь нь нас барж, амьгүй төрсөн гэх харамсалтай мэдээллийг салбарын яамнаас өгсөн юм.