2-6 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх шүдний эмнэлгүүдтэй ТАНИЛЦААРАЙ

Монгол Улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулжээ.

Хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Шүд, эрүү, нүүрний төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус тус төлөөллүүд оролцсон байна. Ингэснээр 2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт  нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой болжээ. 

Дашамд мэдээлэхэд улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос  хөдөө орон нутгийн 84, нийслэлийн  115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж хөтөлбөрт хамрагдахаар болжээ. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын баталсан  “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-д зааснаар  2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт  НЭГ УДАА хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой аж.