Дөнгөж төрсөн нярайн регистрийг төрөх эмнэлэгт олгодог боллоо

Шинээр мэндэлсэн хүүхдийн төрсний гэрчилгээг сарын дотор авч, улсын бүртгэл дээр очиж регистрийн дугаар авдаг байсан. Тэгвэл өчигдрөөс буюу энэ сарын 2-ноос эхлэн улс орон даяар төрсөн даруйдаа регистрийн дугаар авдаг боллоо. Тодруулбал, төрөх эмнэлэгт төрсөн нярайд регистерийн дугаарыг нь шууд олгож эхэлжээ. 

Ингэснээр нарай хүүхдүүд төрсөн өдрөөсөө эхэлж төрийн үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм. Албаныхны мэдээлснээр жилд 600-700 хүүхэд эрүүл мэндийн салбарт бүртгэгдсэн атлаа улсын бүртгэлд бүртгэгдээгүй байдаг ажээ. Тэгвэл одоо ийм асуудал гарахгүй аж. Товчхондоо одоо төрөх эмнэлгээс регистрийн дугаараа авч, дараа нь улсын бүртгэлийн газарт баталгаажуулах бөгөөд энэ нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишиг аж. Мөн энэ ондоо багтаад нас баралтын бүртгэлийн цахимжуулахаас гадна жирэмсэн эмэгтэйчүүдийн цахим бүртгэлийг эхлүүлэх ажээ. 

Дашрамд, Хүүхдийг төрсөн даруйд төрөх эмнэлэгт регистрийн дугаарыг нь олгох ажлыг өнгөрсөн аравдугаар сараас эхлэн нийслэлийн төрөх эмнэлэгүүдэд хэрэгжүүлж байсан ба энэ сарын 2-ноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхэлжээ.