ДЭД САЙД С.ЭНХБОЛД БУРИАДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗЛАА

 Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Монгол Улсад гурав хоногийн ажлын айлчлал хийсэн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүний орлогч бөгөөд Эрүүлийг хамгаалахын сайд Евгения Юрьевна Лудуповаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын талаас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, ЭМҮГ-ын дарга А.Өнөржаргал, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгальмаа, Буриадын талаас Улаан-Үд хотын Цөмийн анагаах ухааны төвийн орлогч захирал Т.Иванова, улсын төсөвт эм ханган нийлүүлэх “Бурядфармация” байгууллагын ерөнхий захирал Б.Цыренов, Москвагийн Анагаах ухааан, нүүр ам судлалын их сургуулийн Халдварт өвчин, эпидемиологийн тэнхмийн профессор Е.Климова, Буриадын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн ерөнхий эмч  С.Баглаева болон тус улсын Засгийн газар, ЭХЯ-ны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.  


Дэд сайд С.Энхболд уулзалтын эхэнд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.А.Мурашко нарын энэ сарын 16-нд Улаан-Үд хотноо хийсэн уулзалтаар яригдаж  тохиролцоонд хүрсэн зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, судлах зорилготой ирсэн айлчлалын багийн гишүүдэд талархал илэрхийлээд “Бид эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж ирсэн олон жилийн түүхтэй улс. Манай улсын эрүүл мэндийн салбар сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна, зарим амжилт, дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн жишээтэй та бүгд танилцсан байх. Жишээ нь, Улсын нэгдүгээр төв эмнэлэг бол Монгол Улсад бөөр, элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх нутагшуулж 200 гаруй элэг шилжүүлэн суулгасан, үе солих хагалгааг амжилттай хийдэг, цаашид нойр булчирхай, зүрх шилжүүлэн суулгах хагалгааны бэлтгэл ажлыг эхлүүлсэн.  Мөн бид 40 жилийн түүхтэй цөмийн анагаах ухааныг эрчимтэй хөгжүүлэх бодлого барин ажиллаж байна. Энэ салбарт танай улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага хуваалцах ч зүйл багагүй байгаа байх. Харин гепатитын В, D вирусийн халдвартай иргэдээ АНУ, ОХУ-д үйлдвэрлэдэг Булевиртид эмийн эмчилгээнд хамруулах асуудал манай тулгамдаж буй асуудлыг нэг юм” гээд энэ чиглэлд хамтын ажиллагааг үр дүнтэй эрчимжүүлэх талд санал солилцов. 


 ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын тэргүүний орлогч бөгөөд Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудупова Монгол Улсын талаас гепатитын B, D вирусийн эмчилгээг хариуцан ажиллах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, ярилцсан, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Айлчлалын үеэр Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид цөмийн анагаах ухаан, эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр хамтран ажиллах, туршлага судлах, эмч, мэргэжилтнүүдийг сургах, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 
Айлчлалын үр дүнд өнөөдөр /2024-02-27/ ХӨСҮТ, Улаан-Үд хотын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн захирлууд болон холбогдох мэргэжилтнүүд “Булевиртид” буюу “Мирклудекс Б” эмийн эмчилгээний хугацаа, эмчилгээний үеийн хяналт, анхан болон давтан шинжилгээний шалгуур, арга, технологийн нийцэл, өвчтөний аюулгүй байдал, эмийн чанар, аюулгүй тээвэрлэлтийг хэрхэн хангаж ажиллах талаар тусгайлан хэлэлцэн тохиролцож хамтын ажиллагааны санамж бичигт ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Байгалмаа болон Улаан-Үд хотын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн ерөнхий эмч  С.Баглаева нар гарын үсэг зурав.