2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА

Боловсролын үнэлгээний төвөөс 2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өглөө.  Энэ үеэр БҮТ-ийн дарга Л.Ганбат “Боловсрол, шинжлэх ухааны сайд 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр А-66 дугаар тушаал гаргаж элсэлтийн шалгалтыг зохион байгуулах тухай журмыг баталсан. Журмын үндсэн агуулга нь элсэлтийн шалгалтыг хэрхэн яаж зохион байгуулах, олон улсын шалгалтын оноог хэрхэн дүйцүүлэх, 2024, 2025 онд элсэлтийн шалгалт хэрхэн зохион байгуулах, цаашид 2026 оноос эхлэн ямар аргачлал, зохион байгуулалттайгаар явуулах талаар тусгасан. Хуучин элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах журмыг Боловсролын үнэлгээний төвийн захирлын тушаалаар баталдаг байсан бол өнгөрсөн онд батлагдсан Боловсролын багц хуулинд тусгагдсаны дагуу холбогдох журмыг тус салбарын сайд баталдаг болсон.

Сайдын баталсан энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн захирлын тушаалаар шалгалт зохион байгуулах тухай удирдамжийг гаргасан.  Энэ жилийн хувьд нийтдээ ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийг 35485 суралцагчид сурч төгсөж байна. Нийт төгсөгчдийн 18653 нь орон нутгийн, 16832 нь нийслэлийн суралцагчид байна. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдэж ордог. Өнгөрсөн жилийн дунджаас харахад 5-6 мянга орчим өмнөх оны шалгуулагчид нэмэгддэг. Энэ жил элсэлтийн шалгалтад 40 мянга орчим шалгуулагч хамрагдана гэсэн урьдчилсан тооцоолол гаргаж, үйл ажиллагааг зохион байгуулж байна. Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчдаас монгол хэл, бичгийн шалгалт заавал өгдөг. Монгол хэл, бичгийн шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна. Шалгуулагч нь “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно. Харин босго онооны болзол хангаагүй тохиолдолд тухайн жилдээ дотоодын их дээд сургуульд боломжгүй байдаг " гэв. 

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн /2024.02.19/ ирэх сарын 15-ны /2024.03.15/ 18 цагт дуусах бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн 10:00 цагт улсын хэмжээнд нэгдсэн байдлаар шалгалт авах юм.

Шинээр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хуульд Элсэлтийн ерөнхий шалгалт гэх нэршлийг өөрчлөн “Элсэлтийн шалгалт” болжээ.

Энэ жилийн Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхлэн /2024.02.19/ 04 дүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна.  

Элсэлтийн шалгалтыг хуучин зарчмаараа буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авна. Тухайн суралцагч аль сургуульд, ямар мэргэжил, хөтөлбөрөөр элсэхээс хамаарч хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож өгөх боломж нээлттэй ажээ. Нэг хичээлийн шалгалтын бүртгэлийн хураамж 5800 төгрөг байх талаар хурлын үеэр мэдээлэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалт өгөхдөө бүртгэлийн хугацаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн суралцаж буй сургуульдаа, эсвэл БҮТ-д хандан хүсэлтээ гаргах бөгөөд тухайн иргэний хөгжлийн хэрэгцээ шаардлагад тохируулан тусгайлан бэлтгэсэн анги танхимд даалгаврын агуулга, цагт зохицуулалт хийж шалгалтын тусгай орчин бүрдүүлж авах талаар журам болон удирдамжид тусгайлан зааж өгчээ.

Мөн олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг хөтөлбөрүүдийн шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ. Дүйцүүлэх хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 1-нээс 05 дугаар сарын 31-ний хооронд БҮТ-ийн сайтаар дамжуулаж хүлээж авах юм.