УГТЭ: ОРОН НУТГИЙН ЭМНЭЛЭГТ ЗҮРХНИЙ ХЭМ СУУЛГАЦЫН ТӨРӨЛЖСӨН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэдийн эх орондоо оношлуулж, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үр дүнтэй тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологийг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүлж, эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд нь сургаж, чадавхижуулах зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлгээс “Зүрхний хэм хяналтын суулгацын интерактив мастер класс” сургалтыг энэ сарын 19-нд Орхон аймгийн БОЭТ-д зохион байгууллаа.
Уг сургалтыг удирдан зохион байгуулсан УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд Орхон аймгийн БОЭТ-ийн зүрх, судсан дотуурх оношилгоо эмчилгээний эмч мэргэжилтнүүдтэй хамтран хоёр өвчтөнд зүрхний хэм хяналтын суулгацыг амжилттай суулгав.
Эдгээр өвчтөний эрсдэл өндөртэй хэм алдагдлын мэдээлэл нь автоматаар УГТЭ-ийн хэм судлалын багт илгээгдэж байхаар тохируулсан бөгөөд ингэснээр алсын зайнаас тухайн эмчлүүлэгчийг хянах, хэм алдагдлыг оношлох боломжийг нэмэгдүүлж, иргэдийн хот руу чиглэсэн зардал, чирэгдлийг бууруулах ач холбогдолтой.

Зүрхний хэм хяналтын суулгац нь овор хэмжээний хувьд маш жижиг. Хүний арьсан дор байрлуулснаар 2-4 жилийн хугацаанд тухайн хүнд илэрсэн хэм алдагдлыг бүртгэн авч нотолгоожуулдаг. Энэ нь маш цөөн давтамжтай хэм алдагдлыг ч илрүүлж оношлох боломжтой аж.
Цаашид зүрхний хэм хяналтын суулгацыг орон нутгийн эмнэлгүүд бие даан хийж чаддаг болоход тус эмнэлгийн мэргэшсэн баг хамт олны зүгээс бүхий л талын арга зүйн дэмжлэг үзүүлж, эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд нь чадавхижуулах үйл ажиллагаа явуулах юм.