Ханиад томуу ихэссэнээс болж хүүхдийн эмнэлгүүд ачаалал ихтэй байна

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нийт батлагдсан хүүхдийн 165 ортойгоос өнөөдрийн байдлаар 261 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 96 ор нэмэлтээр дэлгэн зохицуулалт хийжээ. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар өдөрт дунджаар 153 хүн үйлчлүүлж, 30 хувь нь хэвтэн эмчлүүлдэг байна. Одоогоор тус эмнэлэгт дутагдсан эм тариа байхгүй, гурван сарын нөөцтэй байгаа аж.

Мөн Баянгол эрүүл мэндийн төвийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос өнөөдрийн байдлаар 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 62 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж буй бөгөөд тус эмнэлгийн коридорт хүүхэд хүлээж аваагүй байна. Түүнчлэн хүүхдийн нэгдсэн эмнэлэг өдөрт дунджаар 190-250 хүүхдэд амбулаторийн үзлэг хийж, зөвлөгөө өгч 24 цагаар ажиллаж байгаа аж.  Үүнээс гадна Чингэлтэй эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос өнөөдрийн байдлаар 154 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 78 ор дэлгэн зохицуулалт хийжээ. Насанд хүрэгчдийн 28 орыг хүүхдийн оронд шилжүүлж, Сэргээн засах болон Ажилчдын амралтын өрөө зэрэг бусад нөөц орон зайд ор дэлгэн, хүүхэд хүлээн авч зохицуулалт хийсэн байна. Энэ бол Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан ажлын хэсэг эмнэлгийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдалтай газар дээр нь очиж танилцсан өнөөдрийн дүн мэдээ юм.