Тусгай зөвшөөрөлгүй эмнэлгийн эмч нар үр хөндөлт хийж байжээ

НМХГ-аас хууль бус үр хөндөлтийг таслан зогсоох, нийтэд сэрэмжлүүлэх чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эх барих, эмэгтэйчүүдийн 46 эмнэлэгт шалгалт хийжээ.

Энэ тухай өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийсэн бөгөөд хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Бид иргэдийн өгсөн мэдээллийн мөрөөр, утсаар, удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврын дагуу шалгалт хийсэн. Шалгалтаар тусгай зөвшөөрөлд заагдсан хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй хэд хэдэн эмнэлэг илэрсэн. Мөн тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд ч байна. Тодруулбал, "Энхлэх", "Сүйжин", "Ач Арвижих", "D.O.L", "Энхманал" гээд. Үүнээс гадна "Цэцэнгуа, Цэцэгс, "Бяцхан гүнж" эмнэлгийн эмч нар эмчлэх, сувилах, эх барих зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан. Үр хөндөлтийн улмаас улсын эмнэлэгт хүнд байдалтай ирж байгаа эсэхийг шалгахад  "Амгалан амаржих", "Эх нялхаст" ийм 21 тохиолдол гарсан байна. Тодруулбал, гурван иргэн БНХАУ-ын Эрээн хотоос, хоёр нь интернэтээр, гурав нь Нарантуул захаас, дөрөв нь Зүүнхараагийн захаас, хоёр нь хувь хүнээс зулбуулах эм авч уугаад хүндэрч, "Амгалан амаржих", "Эх нялхаст" хандсан байгаа юм. Үүнээс хоёр нь нэлээд хүндэрсэн тул умай авахуулах хагалгаанд орсон. 

Мөн итгэмжлэлийн хугацаа дууссан, тусгай зөвшөөрөлгүйгээр үр хөндөлт хийсэн тохиолдол БЗД-ийн "Энхийн төлөө" эмнэлэгт гарсан. Үүний улмаас иргэн Н умай авахуулах хагалгаанд орсон. Зөрчлийн тухай хуульд зааснаар гурван эмч, дөрвөн хуулийн этгээдэд торгох арга хэмжээ авсан. 

Гол нь хууль бус үр хөндөлтөөс болж охид, эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ насан туршдаа хохирох эрсдэлтэйг анхааруулах үүднээс дээрх мэдээллийг өгч байна" гэв. 

Мөн судалгаагаар, үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь ахиад хүүхэдтэй болоход асуудалтай, хүндрэл учирдаг, үр тогтоход эрсдэл үүсдэг. Мөн баталгаагүй буюу Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эм битгий авч хэрэглээчээ гэж захимаар байна. Үр зулбуулах эмийг зайлшгүй нөхцөлд эмчийн заавраар уудаг гэж байв. 

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга н.Баасандорж "Тусгай зөвшөөрөл байхгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд илэрсэн. Эмчилгээ явуулах дүгнэлт байхгүй нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Эмч нар нь эмчлэх лицензгүй байсан тохиолдлууд ч гарсан. Улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эмч нар өөрсдийнхөө нэр дээр тусгай зөвшөөрлийн эрх авч эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа нь илэрсэн. Энэ бол ашиг сонирхлын зөрчил гаргаж байна гэсэн үг. Энэ асуудлаар НЭМГ-т шаардлага хүргүүлсэн. Тусгай зөвшөөрөл өгдөг НЭМГ, ЭМЯ нь тусгай зөвшөөрөл өгчихөөд эргээд дотоод хяналт шалгалт хийдэггүй, эргэх холбоо байдаггүй нь харагдаж гэж байлаа.