"Хоёр долоо хоногийн өмнөөс А томуу идэвхтэй эргэлдэж байна. Тийм учраас томуугийн идэвхжилийн үе гэж хариу арга хэмжээнүүд авч байна. Энэ удаагийн томуугийн эхэлж байгаа байдал, эмнэл зүйг ажиглалтаас харахад нярай хүүхдүүд хатгалгаагаар хүндрэх байдал ихээхэн ажиглагдаж байна. Нярай хүүхдээ өрхийн, сумын эмчдээ үзүүлээд дахин хоёр хоноод давтан үзүүлэхдээ анхааралтай хандаж, нярайд аминд аюултай шинжүүдийг мэдэж эргэн эмнэлэгтээ хандаж цаг алдахгүй байх шаардлагатай. Нярайн аминд аюултай шинж нь өндөр халуурах, бөөлжих, хөхөндөө дургүй болох, унтаарах юм. Энэ шинжүүдийг сайн анзаарч цаг алдалгүй эмнэлэгт хандаарай" гэсэн мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа.
Тэгвэл өнөөдөр ЭМЯ-аас Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, -ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын хэлтсийн дарга М.Оюунчимэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар сэрэмжлүүлэх мэдээллийг өгсөн бөгөөд энэ үеэр зарим зүйлийг тодруулла.
-Бага насны хүүхдүүдийн ханиад хүндэрч, маш хурдан хатгаа болж байгааг эцэг эхчүүд хэлж байна. Тэр дундаа нярай хүүхдийн ханиад хурдан хүндэрч байна уу. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт уушгины хатгалгаагаар өвдсөн хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байгаа. Эдгээрийн 24 орчим хувийг томуу томуу төст өвчний шинж тэмдэгтэй хүүхдүүд эзэлж байна. Нярай үедээ уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэл ажиглагдаж байна. Мөн суурь, хавсарсан эмгэгтэй буюу тархины саажилт, зүрхний гажигтай, тураалтай, цус багадалттай бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл өндөр байна. ХӨСҮТ-ийн Тандалтын албаны мэдээллээр гадаад орчилд томуугийн А вирус /H3N2/, SARS-CoV-2 вирус зэрэг олон төрлийн вирус идэвхтэй байна. Тиймээс хүүхдүүдэд эмнэл зүйн шинж тэмдэг харилцан адилгүй илэрч байгаа. Зарим хүүхдэд ханиад томуугийн шинжээр илэрч байхад зарим нь бөөлжиж, суулгаж, толгой нь өвдөж байна. Эмч нарын зүгээс бага насны хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх, гар аа угаах, маск зүүх зэргээр сэргийлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгч байна. Мөн хүүхдийг сайн унтуулах, хэт дааруулахгүй, хэт халууцуулахгүй, сайн хооллож дархлааг нь дэмжих хэрэгтэй. Танай хүүхэд ханиадны шинжтэй байвал бусад хүүхдэд халдвар тараахгүй байхын тулд хичээл, цэцэрлэг, сургуульд явуулахгүй байж гэрт нь эмчилгээг нь сайн хийх зөвлөгөөг хүргэж байна Өсвөр насны хүүхдүүд эмнэлэг, сургууль, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ амны хаалтыг тогтмол зүүж, ханиадтай хүнээс зай барьж, гараа ариутгаж, угаах шаардлагатай. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг хэрхэн сайжруулах вэ гэж их асуудаг. Хүүхдийн дархлааг сайжруулдаг тусгай эм бэлдмэл гэж байхгүй. Харин хүүхдээ маш сайн асарч сувилах хэрэгтэй. Хүүхдээ хэт дааруулахгүй, хэт халууцуулахгүй, насанд нь тохирсон хоолоор зөв хооллож, сайн унтуулж, амраах хэрэгтэй.
-Аав ээжүүд өөрсдөө дур мэдэн антибиотик өгдөг. Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Вирусийн гаралтай ханиад томуунд антибиотик огт нөлөөлөхгүй. Антибиотик нь нянгийн эсрэг бэлдмэл.Тийм учраас вирусийн халдварын эхэн үед хүүхдийн дархлаа сайн ажиллаж байвал халуурах хариу урвал үзүүлдэг. Энэ үед давхар антибиотик давхар уулгавал хүүхдийн дархлааг унагах эрсдэлтэй. Тийм учраас эмчийн зөвлөгөөг авах шаардлагатай. Ер нь ханиад томуугийн өвчлөлөөр 0-5 хүртэлх насны хүүхдүүд маш хүнд өвдөх эрсдэлтэй. Эцэг эхчүүд "Манай хүүхэд энэ эмийг уугаад ханиад нь эдгэрсэн" гэж дур мэдэн эмчилгээ хийдэг. Тэгж ам дамжсан яриагаар хүүхдээ эмчилж болохгүй. Тэр дундаа нярай хүүхдүүдэд онцгой анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүд ажлаа тараад үйлчлүүлэх боломжтой байдлаар өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Тиймээс аль болох ойрхон байрлах мэргэжлийн эмчид хандаж, үзүүлэх нь зүйтэй. Ханиад томуу өөрөө вирусийн халдвар. Тийм учраас шууд антибиотик уулгадаг буруу зуршил эцэг, эхчүүдэд бий. Яаран эмэн эмчилгээ хийхээс илүүтэй эмчийн зөвлөгөөний дагуу эмчлэх хэрэгтэй.
-Өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ ачаалал ямар байна вэ. Ор нэмж дэлгэсэн үү?
-ЭХЭМҮТ-ийн хувьд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Бид эмнэлгийн орны ачааллаа жил бүрийн томуугийн үед нэг, хоёрдугаар түвшнээр төлөвлөж ажилладаг. Одоогийн байдлаар нэгдүгээр түвшний төлөвлөлтөд шилжиж, Нярайн эмгэг судлалын тасагт 20, Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагтаа нэмэлтээр 16 ор дэлгэсэн. Эмнэлгийн ачаалал 100 хувьдаа тулсан байна. Ачаалал улам нэмэгдвэл дахин нэмэлт ор дэлгэж ажиллана. Одоогоор эмнэлгийн коридорт эмчлүүлж байгаа эх, хүүхэд байхгүй. Ерөнхийдөө хоногт 270 орчим хүүхэд ханиад томуугийн шинж тэмдэгтэй хандаж байгаагаас 10 орчим хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа. Ханиад томуугийн хүндрэлээр хүүхэд эндсэн хүүхэд байхгүй. Манай эмнэлэгт хавсарсан эмгэгтэй, хүндрэх эрсдэлтэй, төрөлжсөн мэргэжлийн эмч нарын хяналтад байдаг хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг. Яаралтай тусламжийн тасгаар сүүлийн гурван долоо хоногт нэг түвшинд үйлчилгээ үзүүлж байна. Гэхдээ долоо, наймдугаар сартай харьцуулахад ачаалал 20 орчим хувиар нэмэгдсэн.
ЭМЯ-аас хийсэн цаг үеийн мэдээллийг энд дарж үзнэ үү
https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/370892688656327