Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хамгийн олон хууль бус томилгоог хийжээ

Өнгөрсөн сарын 27-нд АТГ-аас мэдээлэл хийхдээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр, харин өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон хэмээн мэдээлсэн.

Харин Эрүүл мэндийн сайд эл мэдээлэлтэй хологдуулан өөрийн цахим хаягаараа “Авилгатай тэмцэх газарт хоёр Монгол залуу мэргэжилтэн, хэлтсийн дарга хийх нь ингэтлээ таалагдахгүй гэж зүүдэлж ч явсангүй. Яадаг юм. Ардын хүүхдээс дээд боловсролтой,төрд 6-8 жил ажилласан жирийн хоёр залууг Төрийн нарийн бичгийн даргад санал болгосон. Сайд аа АТГ-аас тэр хоёр хүнийг ашиг сонирхлын зөрчилгүй, ажилд авч болно гэсэн бичиг ирсэн болохоор тушаал гаргачихлаа гэсээр Төрийн нарийн бичгийн дарга орж ирсэн.Тэд туршилтаар ажиллаж байгаа” хэмээн бухимдаж буйгаа илэрхийлсэн юм.  

Тэгвэл тус яаманд Төрийн албаны тухай хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаа талаар хяналт шалгалт хийх Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт ажилласан байна. Энэ үеэр олон ноцтой зөрчил илэрсэн тухай тус зөвлөлөөс мэдээллээ.

Тухайлбал, дээрх шалгалтаар тус яамны таван газрын дарга, есөн хэлтсийн даргын албан тушаалд удирдах ажилтны нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаа. Төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөгүй 14 иргэнийг, Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлээгүй таван иргэнийг хууль тогтоомж зөрчиж төрийн захиргааны албан тушаалд томилсон зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ. Түүнчлэн тус яамны харьяа 12 байгууллагын захирал, эрхлэгчийн албан тушаалд төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилон ажиллуулж байгаа нь хууль журам зөрчсөн үйлдэл болсон гэж үзсэн байна.

Иймээс Төрийн албаны зөвлөлийнхөн дээрх зөрчлийг арилгаж, бүх томилгоог хуульд нийцүүлэх хугацаатай үүрэг чиглэлийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан тогтоол гаргажээ. Мөн Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудад төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд зөвлөмж болгосон байна.

 Гэхдээ энэ бүхний эцэст нэг зүйл анхаарал татаж буй нь Эрүүл мэндийн сайд АТГ-ыг "Сайд хууль зөрчсөн" гэсэн мэдээлэл хийхэд "Ардын хүүхдийг ажилд авч болдоггүй юм уу" хэмээн өөрийгөө өмөөрсөн. Тэгвэл тэрбээр Төрийн албаны зөвлөлийн хийсэн энэ  шалгалтын дүнд ямар хариу хэлж өөрийгөө хамгаалах бол.