СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлт боллоо

Ирэх 2020 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж буй эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Азийн хөгжлийн банкны зүүн Азийн газрын захирал Эйми С.П Лиун, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагдорж болон албаны бусад хүмүүс, зочид төлөөлөгчид оролцлоо.Хүн амынхаа тоогоор нийслэлд тэргүүлдэг тус дүүргийн хувьд, 157 мянган оршин суугчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх 150-200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл өдгөө 38 хувьтай байна. Нээлтийн хүрээнд эрүүл мэндийн салбарын удирдлагууд тус эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцаж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал бодлоо солилцсон юм.  “Эрүүл мэндийн салбарын хөгжилт хөтөлбөр-4” төсөл нь нийт 45.1 сая ам.долларын төсөвтэй бөгөөд  Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 14.5, мөн АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр 25 сая, Монгол Улсын Засгийн газраас 4.5 сая ам.долларын санхүүжилтээр амжилттай хэрэгжиж байна. Эмнэлэг байгуулах ерөнхий төлөвлөлтийг Нидерланд улсын “Симед” ХХК, барилгын зураг төслийг БНСУ-ын “Жунглим” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Австри улсын “Вамед” ХХК ажиллаж байгаа юм.