ЭМЯ: Томоохон эмнэлгүүд даваа гарагаас эхлэн COVID-19-ийн халдвартай өвчтөн хүлээн авахгүй

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллийг өглөө. Албанынхны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 875 иргэн коронавирусын халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 372387 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 563 нь Улаанбаатар хотод, 312 нь орон нутагт бүртгэгдсэн байна.Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны есөн хүн нас баржээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас 1786 хүн  амиа алдлаа.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10727 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 28029 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-4493
  • Хүндэвтэр-4739
  • Хүнд-1264
  • Маш хүнд-231 хүн байна. 

Мөн энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэгчдийн тоо хоёр долоо хоногийн хугацаанд 38 хувиар буурсан байна. Үүнийг дагаад маш хүнд хүний тоо 37 хувиар, хүнд хүний тоо 40 хувиар, хүндэвтэр хүний тоо 30 хувиар, хөнгөн хүний тоо 45 хувиар тус тус буурлаа. Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 27-ноос ор зохицуулалтын баг ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш халдварын улмаас гэртээ нас барсан тохиолдол гараагүй. Мөн өдөрт 700 орчим хүн эмнэлэгт шаардлагатай гэсэн ангилалд байсан бол сүүлийн долоо хоногт 120-130 болж буурлаа. Энэ бол вакцинжуулалтын үр нөлөө гэж харж байна. Халдварын тохиолдлын тоо буурч байгаа учраас энэ сарын 15-наас хойш томоохон эмнэлгүүдийн коронавирусын тусламж үйлчилгээг буулгаж, үндсэн тусламж үйлчилгээ рүү илүү ажиллуулах төлөвлөлтийг хийсэн" гэв.

">http://