Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх Э.Оюунболдын аварга цолыг хураажээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх Э.Оюунболд 2019 оны улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн билээ. Гэвч наадмын дараа  түүнээс допинг илэрч, улсын дээд шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны 398 дугаар тогтоолоор аварга цолыг нь хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдын аварга цолыг хураах зарлиг гаргасан тухай мэдээлэл байна. Ингэснээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат аварга Н.Батсуурьт даян аварга цол, 8-ын даваанд өвдөг шороодсон Улсын арслан Содномдоржид “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анарт “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодномд “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафад “Улсын начин” цолыг тус тус хүртээхээр боллоо.