Иргэдийн биед халдсан цагдаагийн алба хаагчдыг ажлаас нь чөлөөлт, АТГ-т шалгуулахаар шилжүүлжээ

Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед ноцтойгоор халдаж, гавлаж байгаад зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын АБХ-н дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар:

"Бичлэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг өгч, урд шөнө ажиллалаа. Бичлэгээр энэ үйлдэл тогтоогдож байгаа. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 25-ны 03:01 цагт цагдаагийн байгууллагад ирсэн Улаанбаатар их дэлгүүрийн хойд талд байрлах баарнаас төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна гэсэн дуудлагаар очсон цагдаагийн эргүүлийн алба хаагчид тодорхой хэмжээний зөрчил үйлдэж иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Тухайн үед иргэд, цагдаагийн алба хаагчид хоорондоо ярилцаж дээд шатны байгууллага, удирдлагад мэдэгдэж бүртгэлд оруулахгүй нуун дарагдуулсан байсан нь өчигдөр нийтэд ил болсон.

Шалгах ажиллагаа дотоод албаны хүрээнд хийгдээд гэмт хэргийн зөрчилтэй байна гэж үзээд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Хуулийн хариуцлага хүлээх эцсийн шийдвэр нь шалгах ажиллагааны дараа гарна. Цагдаагийн албан хаагчдын гэм буруутай үйлдэл тогтоогдож, ажил үүргээс нь чөлөөлсөн. Мөн алба хаагчдын хэргийг материалжуулан Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн гэсэн юм. 

Түүнчлэн дээрх бичлэгтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ""Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна" гэж бичжээ." гэсэн нь мөн л олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.