Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Гаваасүрэнгийн Азжаргалыг томилов

Нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа танилцуулга хийсэн юм.

Авлигын эсрэг хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргаар Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилох зохицуулалттай. Түүнчлэн тус газрын дэд дарга төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг хангасан байх ёстой гэсэн зохицуулалтыг баримтлан дээрх шаардлагуудыг хангаж байгаа тус газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Гаваасүрэнгийн Азжаргалыг дэвшүүлэн томилуулах саналаа тэрбээр танилцуулав.

Нэр дэвшигч  Г.Азжаргал нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, хуульч мэргэжилтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1992-2001 онд Монгени бүрэн дунд сургууль, 2002-2007 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуулийг төгссөн. Мөн 2011 онд АНУ-ын Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтой тэмцэх чиглэлээр, 2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны Үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр, 2017 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институтэд тус тус мэргэшил дээшлүүлжээ.

Тэрбээр 2002-2007 онд сонсогч, 2007-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын гуравдугаар тасгийн дарга, 2015-2016 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, 2016-2018 онд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн тасгийн дарга, 2018 оноос одоог хүртэл Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагад 9 жил, Авлигатай тэмцэх газарт 5 дахь жилдээ, хууль сахиулах байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байгаа аж.

Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох асуудлыг Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол хийж хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга С.Бямбацогт нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Улсын Их Хурал 2020 онд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, тус байгууллагын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор сонсгол хийж томилдог байхаар хуульчилсан. Тус газрын даргаас 2021 оны зургаадугаар сарын 14-ний өдөр Гаваасүрэнгийн Азжаргалыг Авлигатай тэмцэх газрын дэд даргын албан тушаалд томилуулах саналыг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн.

Энэ үндсэн дээр Хууль зүйн байнгын хорооны 2021 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор томилгооны сонсголын товыг тогтоож, 14 хоногийн турш иргэд олон нийтэд мэдээлж, холбогдох санал хүсэлтийг авчээ. “Томилгооны сонсголын даргалагч, ажиглагчийн тоо тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолыг 2021 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан бөгөөд томилгооны сонсгол даргалагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг томилж, 10 хүртэл тооны оролцох ажиглагчтай байхаар шийдвэрлэжээ.

Нэр дэвшигч Гаваасүрэнгийн Азжаргал нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангах эсэх талаар иргэд, олон нийтэд танилцуулах, Улсын Их Хурлын гишүүдийг шийдвэр гаргахад нь мэдээллээр хангах зорилгоор 2021 оны долоодугаар сарын 6-ны өдөр  Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын дэд даргын албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулсан талаар танилцуулгадаа дурдав.

Нэр дэвшигчийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, С.Одонтуяа, Т.Доржханд, Ш.Адьшаа, Д.Ганбат, Ц.Мөнхцэцэг нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийллээ. Ингээд Гаваасүрэнгийн Азжаргалыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилохыг дэмжих санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 48 нь буюу 71.6 хувь нь дэмжив.