Х.Нямбаатар: Жолоодох эрхээ хасуулсан хүмүүсийн эрхийг сэргээнэ

УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг баталсан. Тэгвэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан мэдээлэл хийсэн. 

Тэрбээр “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэ хууль долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн үйлчилнэ. НҮБ-ын уриалгын хүрээнд энэхүү хууль батлагдсан. Өршөөл үзүүлэх тухай хууль таван бүлэг, 16 зүйлтэй. ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүй" гэсэн юм.

Мөн тэрбээр олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж буй жолооч нарын торгуультай холбоотой асуудлаар тайлбар өгсөн. Ингэхдээ жолооч нар торгуулийнхаа 50 хувийг төлсөн бол нэг удаа өршөөнө. Түүнчлэн  жолоодох эрхээ хасуулсан хүмүүсийн жолооны эрхийг сэргээхээр баталсан. Тодруулбал, эрх хасуулсан хугацаа нь 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрөөс өмнө байхаар тусгасан. Түүнчлэн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулахгүй. Зөрчлийн хуулийн тухайд авто замын торгуулийн шийтгэлийг аравдугаар сарын 1-ний дотор 50 хувийг төлсөн бол нэг удаа өршөөнө. Мөн маргаашаас эхлээд 160 хоригдол суллагдана” гэлээ.