О.Магнай:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

Монгол Улсад Ардчилсан, үнэн шударга сонгууль явагдахаа больж. Төсвийн мөнгөөр төрийн сонгууль хийдэг, төрийн хүчийг ашигладаг сонгуулийн тогтолцоо бий болсон байна. Ардчилсан сонгууль нь улс төрийн намуудын хоорондох тэгш шударга өрсөлдөөн дээр суурилан явагддаг.  Харамсалтай нь, энэ тогтолцоо алга болж, төр ба нам гэсэн нэрэн дор  сонгууль хийдэг болж. Тиймээс Ардчилсан сонгууль хэлбэр төдий болсон байна.  Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намын /МАН/ сонгуулийн үр дүнг бусад нам хууль ёсны болгож харагдуулдаг зүйл бий болсон байна. Энэ зүйлийг цаашид өөрчлөхгүйгээр 2024 оны шударга сонгуулийн тухай яриад хэрэггүй. Аливаа их ялагдлын дараа их эвлэрэлд очдог" гэв. 

АН-ын гишүүн О.Магнай:

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд баяр хүргэх болоогүй. МАН-аас хүмүүст мөнгө тараасан. Төсвийн мөнгөөр сонгуульд ялалт байгуулсан. Энэ хэвээрээ байвал нэг нам нь ялдаг, бусад намууд нь жүжгийн туслах дүрийг бүтээдэг болох юм. Мөн энэ удаагийн сонгуулийн ирц хангалтгүй байлаа. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн багадаа 60 хувийн ирцтэй оролцож байсан бол өчигдөр 52.4 хувийн ирцтэй оролцлоо. Сонгуулийн идэвх сул байлаа. Үүнийг бол хүлээн зөвшөөрнө. Бид үдээс хойшдоо сонгуулийг ажигласан гадаадын ажиглагч нартай уулзахаар цаг товлосон.  Энэ нь манай намаас нэр дэвшигч С.Эрдэнэтэй холбоотой асуудал биш. Цаашдаа Монгол Улсад Ардчилсан буюу өөрөөр хэлбэл, шударга сонгууль явагдах эсэхтэй холбоотой юм. Нэг нам нь ялаад бусад нь жүжигт тоглодог байх уу гэдгийг шийдэж нэг талд нь гаргана. Ингэхгүй бол дүр эсгэсэн ардчилал жишиг тогтоно. Бид ардчилалаа хамгаална" гэв.