Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдолоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өчигдөр болж МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу ялалт байгууллаа. Энэ удаагийн сонгуульд 2087 хэсгийн хороонд нийтдээ 2.041.866 сонгогч санал өгөхөөр сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн. Үүнээс 01.30 цагийн байдлаар 1.206.858 сонгогч саналаа өгсөн бөгөөд У.Хүрэлсүх илт давуу ялалт байгуулжээ. Түүнлчэн саналын тоонд өнөөдөр өөрчлөлт орох бөгөөд тодруулбал, зарим хэсгийн хорооны дүн хараахан нэгтгэгдээгүй байгаа бөгөөд саналыг 100 хувь гараар тоолсны дараа Сонгуулын Ерөнхий хорооноос албан ёсоор дүнгээ танилцуулах юм.

Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 71.680 сонгогч цагаан сонголт хийж, аль ч нэр дэвшигчийг дэмжээгүй нь анхаарал татаж байна. Нийт 1.206.858 сонгогч саналаа өгснөөс саналыг тоймолбол, 

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх-820.092 санал
  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72.394 санал
  • Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 242.692 санал авсан байна.

У.Хүрэлсүх гэж хэн бэ

Монгол Улсын 30 дахь Ерөнхий Сайд, Монгол улсын 6 дахь Ерөнхийлөгч, МАН-ын дарга. 2016 оны долоодугаар сард 2 дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайдаар томилогдсон. Мөн тэрээр НҮБ-ын Манлайлагч төрийн түшээ өргөмжлөл, спортын мастер, бэлтгэл хурандаа цолтой юм.

ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИГЧ ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТОВЧ НАМТАР:

  • Төгссөн сургууль, мэргэжил
  • 1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
  • 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
  • 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
  • 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ: 

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
  • 2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн.
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий Сайд
  • 2017 оноос Монгол Ардын Намын дарга
  • 2021-2027 Монгол Улсын Ерөнхийлөгч