А.Бүрэнбаатар: МҮОНРТ мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн цуцлагдсан талаар МҮОНРТВ-ээс мэдээлэл хийлээ. Энэ тухай МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний бэлтгэл ажил хангагдаж дуусаад байна. Мэтгэлцээнийг Үндэсний телевиз, радиогоор шууд дамжуулна. MNB World сувгаар англи орчуулгатай хүргэнэ. Мөн Clubhouse-аар шууд дамжуулахаар төлөвлөгөө гаргасан байсан. 

Хэлэлцүүлэг дөрвөн дохионы хэлмэрч, нэг синхрон орчуулгатай болох байсан. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид 5 сэдвийн хүрээнд мэтгэлцэхээр болсон. Намуудад үндсэн дэгээ танилцуулсан. Намууд хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн.

Мэтгэлцээнд ажиллах 190 хүнтэй баг бүрэлдэхүүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан. Бүгд сөрөг гарсан.

Өчигдөр ХҮН-аас бидэнд санал тавьсан. Д.Энхбат нэр дэвшигч КОВИД-19-ийн халдвар авсан. Иймээс мэтгэлцээнээ яаж хийх вэ гэдгийг ярилцсан. ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг студид авчирч хийж болох уу гэдэг санаачилга гаргасан. Эсвэл гурвууланг нь эмнэлэгт аваачиж хийх боломж байна уу гэдгийг судалсан. Эсвэл Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс нь бусад нэр дэвшигчдийг эндээс оролцуулах гэсэн гурван хувилбар байсан. Эмнэлэг рүү нь албан бичиг явуулсан. Мэтгэлцэхгүй гэж байр суурь илэрхийлсэн нам байхгүй. КОВИД-19-ийн улаан бүс рүү гаднын хүн оруулж болохгүй. Энэ зарчмыг зөрчиж болохгүй, нэр дэвшигчийг эмнэлгээс гаргах боломж байхгүй гэдгийг эмнэлгээс өгсөн.

Тэгэхээр МҮОНРТ мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна. Мэтгэлцээнийг цахимаар явуулах нь ТВ-ийн шийдэл биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн цахимаар болсон түүх мэдэхгүй байна" гэв.