Ц.Ганзориг: 6 төрлийн байгууллагын үйл ажиллагааг бямба гарагаас нээнэ

УОК-ийн хуралдааны шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр "УОК-ийн шуурхай ажлын хэсэг хуралдаж, цаг үеийн асуудлаар шийдвэрүүд гаргалаа. Энэ сарын 22-ны өдрөөс эхлэн 6 төрлийн үйл ажиллагааг нээж байна. Эдгээр 6 төрлийн байгууллагын үйл ажиллагаа давтан тунгаа хийлгэсэн иргэдэд нээлттэй гэдгийг тодотгоё. Үүнд

Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээнэ. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй бол ПСР шинжилгээ өгөх, 7 хоног гэрийн ажиглалтад байна. Өвчлөөд эдгэрсэн болон давтан тундаа хамрагдаад 14 хоносон иргэд ямар нэгэн хязгаарлалтад орохгүйгээр, ПСР шинжилгээ өгөх шаардлагагүйгээр орон нутаг руу зорчих боломжтой. 0-17 насны хүүхдээ авч явж байгаа бол ямар нэгэн шинжилгээ авахгүй.

Зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг нээнэ. Нийслэлд 103 худалдааны төв бий. Үүнээс 9 томоохон зах нээгдээгүй байсан. 9000 орчим түрээслэгчтэй Нарантуул, Алтжин бөмбөгөр, Барс, Хар хорин зах ажиллаж эхэлнэ.

  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд ажиллаж эхэлнэ. Давтан тун аваад 14 хоносон иргэдэд заалны 50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ.
  • Дэн буудал болон зочид буудлын үйл ажиллагааг нээнэ.
  • Амралтын газар, жуулчлын газрууд гэр бүлийн хүрээнд иргэдийг хүлээн авна.
  • Сауны газрууд 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилгээ эрхэлнэ.
  • Ийнхүү үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь хязгаарлалтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна" гэлээ.