УОК: Хүүхдийг аль болох орон нутаг руу авч явахгүй байхыг зөвлөлөө

УОК-ийн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ сарын 22-наас Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээх эсэх, нээсэн тохиолдол иргэдийг хэрхэн зорчуулах талаарх иргэдийн асуултад УОК-ийн Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хариулт өглөө. 

Тэрбээр "Засгийн газар, УОК-оос хатуу хөл хорионы 26 хоногийг хэрэгжүүллээ. Мөн бүх нийтийн дархлаажуулалтын үйл ажиллагаа орон даяар явагдаж байна. Үүний үр дүн гарч, сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо буурч байна. Нөгөө талаар эдийн засгаа дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл, тодорхой төрлийн бизнесийн үйл ажиллагааг нээх ёстой. Энэ талаар Засгийн газар, УОК-ийн хүрээнд асуудлыг хэлэлцэн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээж байна. Маргааш /өнөөдөр/ эцэслэн шийдвэрлэж мэдээллийг иргэдэд мэдээлнэ.

Энэ сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээнэ. Гэхдээ халдварын дэгдэлт дарагдаагүй байна. Орон нутгийн иргэд ирэх зургадугаар сарын 15-н гэхэд дархлаажуулалтад хамрагдаж дуусах тов бий. Тиймээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээж байгаа хэдий ч зургадугаар сарын 15-ны хүртэл хүүхдүүдээ орон нутаг руу авч явахгүй байхыг анхааруулж байна.

Учир нь нийслэл дэх дархлаажуулалтын хувь өндөр байгаа хэдий ч орон нутагт дархлаажуулалт төдийлөн өндөр хувьтай биш байгаа тул эрсдэлтэй нөхцөл үүсэх магадлалтай юм байна.

Зургадугаар сарын 15-ны өдөр гэдэг нь орон нутгийн иргэд дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоног хугацаа тул ийн хугацаа тогтож байгаа аж. Орон нутагт байгаа эмээ, өвөө дээрээ халдвар тээгээд очвол яах вэ. Тэнд халдвар тархах нөхцөл бүрдвэл яах билээ.

Өнөөдрийн байдлаар 0-18 насны 10.000 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилсөн бөгөөд дийлэнх нь шинж тэмдэггүй байгаа учраас орон нутаг руу хүүхдээ явуулах нь баг, сум, суурингуудад халдвар гарах эрсдэлийг нэмэгдүүлнэ гэдгийг УОК-ын Шуурхай штабын эрүүл мэндийн мэргэжилтэн зөвлөсөн юм.