УДШ Ерөнхийлөгчийг хүлээж авах боломжгүй гэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр захирамж, өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үүнийхээ дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны /өнөөдөр/ өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөөр боллоо гэсэн мэдээллийг өчигдөх Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгсөн. Тэгвэл Улсын дээд шүүхээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт боломжгүй гэсэн тайлбар өгчээ. Тодруулбал, 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцжээ.

Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид 4 дүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжиллаа.

Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.