Н.Алтанхуяг: Х.Баттулгыгаа дарж авчихаад У.Хүрэлсүх гэдэг Ерөнхийлөгчтэй болоод  амар сайхан жаргах нь л дээ.

Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Тодруулбал, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоогийн Ерөнхийлөгч дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэдгийг хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Тэгвэл Үндсэн хуулийн Цэцээс гаргасан дүгнэлттэй холбогдуулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: "Энэ бол Цэцийн асуудал биш. Цэцийн Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг нь өөрчилж байгаад ийм дүгнэлт гаргаж байна. Х.Баттулга гэдэг хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй болгож хувиргаж байна. МАН-аас Ерөнхийлөгчид У.Хүрэлсүх нэр дэвших гэж байх шиг байна. Энэ хүний л хүсэл зорилго. Нэг хүний хүсэл зорилгод Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж намируулдаг ямар гээч нийгэм болж байна вэ.

УИХ ямар шуурхай ажиллаж байна вэ. Х.Баттулгыгаа дарж авчихаад У.Хүрэлсүх гэдэг Ерөнхийлөгчтэй болоод  амар сайхан жаргах нь л дээ. Тэгвэл одоо сонгууль хийх хэрэг байгаа юм уу. Өрсөлдөгчийнхөө нэр дэвших эрхийг хууль бусаар хаадаг ямар муухай нийгэм рүү явж байна аа та нар. Та нар өөрсдөө бүх Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй гэж зарласан шүү дээ" гэв.