ЦЕГ: Харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хоёр цэргийг баривчилсан

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон. Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байсан. Тэгвэл ЦЕГ-аас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан 2 цэргийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10:20 цагт олж тогтоон ямар нэгэн эрсдэлгүй баривчилсан" гэж мэдээллээ.