ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧДЫН ОЛИМПИЙН ЭРХ ГУРВААР НЭМЭГДЛЭЭ

Казахстаны Алматын хотноо зохион байгуулагдаж байгаа олимпийн эрхийн тэмцээнээс эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, улсын гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” олимпийн наадмын гурав дахь, Алматыгаас анхны эрхийг авчирлаа. Тэрбээр Энэтхэгийн Сеема, БНСУ-ын Чёон Ми Ран, Узбекистаны Даулетбик Якшимуратоваг илүүрхэн ялснаар сүүлийн барилдааны үр дүн хамааралгүйгээр олимпийн эрхээ авав. Ц.Намуунцэцэг сүүлийн тойргийн барилдаанаа дэлхийн хошой аварга Японы алдарт Юи Сүсакитай хийнэ. 

Мөн “Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа Монголын эмэгтэй бөхчүүдээс “Токио-2020” олимпийн наадмын хоёр дахь эрх авлаа. Тэрбээр хэсэгтээ Казахстаны Татьяна Аманжол Ахметова хийж 9:10-аар ялагдаж, Тажикистаны Ватансултан Шахаршоеваг 10:0-ээр ялсанаар хэсгээсээ шалгарсан. Улмаар хагас шигшээ буюу олимпийн эрхийн төлөө Тайваний Мен Хуан Хиг цэвэр дарсан байна. Түүний дараа 57 кг-ын жинд өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн улсын аварга Баянхонгор аймгийн тамирчин 19 настай Болдсайханы Хонгорзул Узбекистаны Шохида Ахмедова, Кыргызстаны Назира Марсбек Кызы нарыг тус бүр оноогоор цэвэр (10:0) ялснаар хэсгийн аварга болоод хагас шигшээд нөгөө зооноос хоёроор гарсан БНСУ-ын Ум Жи-Юний мөн 10:0-ээр ялж олимпийн эрхийг авлаа. 

Харин гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 62 кг-д олимпийн эрхийн барилдаанд БНХАУ-ын Жиа Лонд оноогоор цэвэр ялагдсан бол 76 кг-д гавьяат тамирчин Очирбатын Бурмаа Узбекистаны Шахрибону Эллиеватай олимпийн эрхийн төлөө барилдана. Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 19:00 цагаас эхэлнэ.

Шууд үзэх линк

https://uww.org/event/asian-og-qualifier?tab=results