Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдийг чөлөөлж, Д.Бадарсанг томиллоо

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тушаал гарган ХЭГ-ын даргаар ажиллаж байсан П.Нүрзэдийг чөлөөлж, уг албанд НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсанг томиллоо.

П.Нүрзэд нь уг албанд 2020 оны 7-р сараас хойш ажиллахдаа үнэт зүйл, үзэл баримтлалаа нэгдүгээрт тавин, амаргүй цагт ХЭГ-ын хүнд ачааг үүрэн, идэвх санаачилгатай ажиллахдаа орон нутгийн сонгуульд 8-н аймагт ялалт байгуулж, анх удаа 144 суманд ялж,“Хотынхондоо хониор тусалъя",“Малчдадаа тусалъя”аяныг хэрэгжүүлж, бүсийн 5-н чуулган, анхны цахим хурал,ээлжит бус Их хурлыг зохион байгуулснаар АН-ын унасан рейтинг МАН-ыг давсан үр дүнтэй ажилласныг Намын дарга О.Цогтгэрэл онцлон хэлээд цаашдын улс төрийн ажилд нь өндөр амжилт хүслээ.

ХЭГ-ын даргаар томилогдсон Д.Бадарсангийн хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр гурвантаа сонгогдон ажиллаж байгаа туршлагатай улс төрч юм. Тэрээр “ Намын дарга О.Цогтгэрэлийн томилгооны гэнэтийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, Ардчилсан намынхаа шинэчлэлийн үйл хэрэгт өөрийн сурсан мэдсэнээ зориулан ажиллана” хэмээн онцлон хэлсэн юм. Мөн ХЭГ-ын даргын үүргийн амаргүй цаг хугацаанд амжилттай хашсан журмын нөхөр П.Нүрзэдийн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

АН-ын ХЭГ-ын даргаар томилогдсон Даваасүрэнгийн Бадарсангийн товч намтар

Төрсөн он сар: 1977

1995 Нийслэлийн 1-р дунд сургууль

1999-2003 Ибаракигийн технологийн үндэсний коллеж Цахилгааны инженер

2009-2011 Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Бизнесийн удирдлага

2011-2014 Монгол Улсын Их Сургууль Санхүүгийн удирдлага

Боловсрол, мэргэжил: Дээд, Цахилгааны инженер, Бизнесийн удирдлага, Санхүүгийн удирдлага,

Эрдмийн зэрэг цол: магистр

Ажилласан байдал: 2003-2005 “Монхит трейдинг” ХХК захирал

2005-2007 УБЦТС ХК-ий төслийн ажилтан

2007-2011 “Юу Эм Кэй” ХХК захирал

2012-2016 СБД-ийн Засаг дарга

2012- одоог хүртэл НИТХ Төлөөлөгч

Гавъяа шагнал: Худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан Алтангадас одон

Сонгуульт ажил:

2012, 2016, 2020 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн

Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгч, Тэргүүлэгч

Ам бүл: 6, Эхнэр, 4 хүүхэдтэй