Салаан даргынхаа гарт амиа алдан талийгаачийн ар гэрт таван жилийн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэлэг олгоно гэв

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч энэ сарын 28-29-нд шилжих шөнө салаан дарга, дэслэгч 25 настай Г-д зодуулж амиа алдсан харамсалтай явдал болсон. Талийгаач хүнд хүнд гэмтэл авсан учраас ТТАХНЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч эмчилгээгээ даалгүй нас барсан юм. .

Тэгвэл ЗХЖШ-аас өнөөдөр мэдээлэл хийж, гэмтэл авсан хугацаат цэргийн алба хаагчид яаралтай тусламж үзүүлсэн ч байлдагч "Б" нь гуравдугаар сарын 30-ны өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт амиа алдлаа гээд талийгаачийн аав, ээж, ах дүү төрөл төрөгсдөд БХЯ, ЗХЖШ-ын удирдлага болон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.

Мөн дээрх хэрэг зөрчилтэй холбогдуулан БХЯ, ЗХЖШ-аас албаны хяналт шалгалт явуулж, болсон үйл явдал, хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд БХЯ, ЗХЖШ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журам бэхжүүлэх салбар зөвлөлүүд яаралтай хуралдаж холбогдох шийдвэрүүд гаргасан. Тухайлбал, 
-Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
-Хэрэг гарсан тухайн өдөр ажиллаж байсан алба хаагчдад шат дараатай арга хэмжээ авахаар ажиллаж байна гэв.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг:

-Хугацаат цэргийн алба хаагчийг зодож аминд нь хүрсэн салааны дарга Г-г Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа. Цаашид ийм зүйл гаргахгүйн тулд Хуурай замын цэргийн ангийн бусад албан тушаалтнуудыг шалгаж, цэргийн алба хаагчдад ёс зүйн сургалт оруулна. Байлдагч Б-г нас барсан үндэслэлээр хуулийн дагуу ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болон оршуулгын зардлыг Зэвсэгт хүчний жанжин штабаас өгнө.

Хуурай замын цэрэг нь ганцхан намрын цэрэг татлагатай. Сая болсон асуудал офицер цэрэгтэй зүй бус харилцсан үйлдэл. Зүй бус харилцаа гардаггүй ангиуд бий. Харин зүй бус үйлдэл гараад байгаа ангиудыг таслан зогсооно. Цэргийн ангид архидалт байх ёсгүй. Талийгаачийн ар гэрт таван жилийн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэлэг олгоно" гэв.