С.Амарсайхан: Хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах санал орууллаа

УОК өчигдөр хуралдаж ковид-19-ийн халдвар эрчимтэй тархаж буйтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 3-аас эхлэн 14 хоногийн хатуу хөл хорио тогтоох ЭМЯ-ны саналыг дэмжсэн тухай мэдээлж байсан. Мөн өнөөдөр хуралдаж буй Засгийн газрын хуралдаанд энэхүү саналаа оруулна гэж байсан юм. Тэгвэл Шадар  сайд дөнгөж сая өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах санал орууллаа" гэжээ. Тэрбээр:

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх хүрээнд хатуу хөл хориог тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж буй.

Гамшгийн үеийн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжсэн энэ үед Эрдэмтдийн багийн хийсэн эрсдэлийн үнэлгээний судалгаагаар халдвар ихээр тархаж буй зарим салбарын аж ахуй нэгжүүдийг тогтоосон байна.

Тиймээс халдвар тархах өндөр эрсдэлтэй зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, тодорхой цагийн зохицуулалт хийж цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан уян хатан ажиллах саналыг Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Тавдугаар сарын 1-ний дотор нийслэлийн иргэдийг вакцинжуулж дуусгах, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд тандалт судалгааны өргөтгөсөн баг ажиллаж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх ажилд онцгой анхаарахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа. УОК-ын Шуурхай ажлын хэсгээс гаргасан саналыг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ гэсэн байна