Үндсэн хуулийн Цэц Х.Баттулгын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх асуудлаар үүсгэсэн маргааныг хүчингүй болгов

УИХ-ын гишүүн Т.Доржханд, Д.Үүрцайх, МУИС-ийн багш Мөнхсайхан нарын дөрвөн иргэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүйг хуульд тусгах ёстой хэмээн Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн билээ.

Тэд  “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй” байх шаардлагыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй орхигдуулсан гэсэн утгатай мэдээллийг тодотгосон.  Улмаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго энэ асуудлаар маргаан үүсгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл гаргуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэц дээр хоёр ч удаа өөрийн биеэр очиж, тайлбар хүргүүлсэн байдаг.

Улмаар өнгөрсөн баасан гарагт энэ асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан болж, Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой эсэх дээр маргалдаж, тодорхой шийдвэр гаргаагүй тухай эх сурвалжууд мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдөр Цэцийн Бага суудлын хуралдаан болж, энэ асуудлаар маргаан үүсгэсэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын иргэний ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн маргаан үүсгэх тогтоолыг хэлэлцэн хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, Д.Солонгын маргаан үүсгэсэн тогтоолын хүчингүй болгосноор Цэц энэ асуудлаар маргаан үүсгэхгүй болж байна.