Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн эсэргүүцэл дор УИХ-ын гишүүний тангарагаа өргөв

Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангарагаа өргөв. Түүнийг тангараг өргөх ёслолын үйл ажиллагааны өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА УИХ-ын чуулганы танхимд орж ирж үг хэлсэн.

Тэрбээр “Энэ УИХ-д тал хагасаас нь илүү нь гэмт хэрэгтэн байгаа. УИХ-д орж хамгаалагддаг процесс маш эрчимтэй явж байна. Өнөөдөр УИХ бага ард түмний төлөөлөл биш болсон. Ард түмнийг зориудаар ядууралд хүргэж, халамж өгдөг болсон. Хар залуугаараа аймгийн Засаг дарга, Ерөнхий сайд байсан хүн тангараг өргөх ёслолоо хийх эсэхээ өөрөө сайн бодсон биз. Өөрөө энэ тангараг өргөх ёслолоо хойшлуулж болдоггүй юм уу. Асуудал нь бүрэн шийдэгдээгүй Ж.Эрдэнэбат тангараг өргөх ёслолоосоо түр татгалзах хэрэгтэй. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга энэ талаар юу бодож байна. Уг нь манай өрөөнд орж ирээд цар тахлын үеэр намчирхахгүйгээр ажиллая гэдгээ илэрхийлсэн шүү дээ. Өрх бүрт өгөх нэг сай төгрөгийн асуудлыг ч мөн хөндөе гэсэн. Гэтэл хаана байна" хэмээсэн. 

Дараа нь УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР "Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд үг хэлж болно гэж тусгасан байдаг. Холбогдох хууль журамд заасны дагуу УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг эхлүүлье" гэснээр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөснөөр бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, баталлаа.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хувьд 2020 оны УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн сурталчилгааных нь хугацаанд баривчлан саатуулсан. Улмаар тэрбээр есөн сар хоригдоод саяхан Дээд шүүхийн шийдвэрээр суллагдаад байгаа  юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатарын хэснээр "Хуулийн дагуу тангараг өргөөгүй үлдсэн гишүүн анх оролцсон чуулгандаа тангараг өргөх хуулийн зохицуулалттай хэмээсэн. Ингэснээр Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн эсэргүүцэл дор УИХ-ын гишүүний тангарагаа өргөв.