Засгийн газрын нэр хүндийг унагасан сургалт нэрээр халамж тараах хөтөлбөр түр хойшилжээ

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын танхимын сайд нар сүүлийн үед олны шүүмжлэлд их өртөх болсон. Тэдний нэг нь ХНХ-ын сайд А.Ариунзаяа. Түүнийг УИХ-ын хэд хэдэн гишүүн шүүмжилж, цахимаар ажлаа явуулахаа боль, статистикийн хэдэн тоо цээжлэх биш хөрсөн дээрээ бууж ажилла хэмээж байгаа. 

Тэгвэл ажлаа аваад удаагүй байгаа Ерөнхий сайд олны өмнө хөрсөн дээр буугаагүй гэсэн шүүмжлэлд өртдөг ХНХ-ын сайдаасаа бол хэдэн өдрийн турш цахим орчинд "балбуулав". Учир нь Монгол Улсын Засгийн газраас таван зуун тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөтөлбөр зарлаж ажилгүй, орлогогүй байгаа 18-34 насны залуусыг бүртгэж, харилцаа хандлагыг нь өөрчлөх сургалтад нэг сар хамруулна. Ингэхдээ нэг сая төгрөгийн тэтгэлэг олгохоо зарлаж Засгийн газраас энэ онд 11.8 тэрбум төгрөгийг тус хөтөлбөрт гаргахаар шийдвэрлээд байгаагаа дуулгасан. Улмаар энэхүү сургалт нэрээр халамж тараах хөтөлбөрөөс болж Ерөнхий сайд олон нийтээс чамгүй оноо алдаж, шүүмжлэлд өртөөд байсан. Гэтэл яг энэ үеэр дайран дээр давс гэгчээр Соёлын сайд Ч.Номин сургалтад хамрагдах залуучуудад манай яамнаас хувцас хийж өгч, жигдрүүлнэ гэсэн нь олны бухимдлыг дээд цэгт нь хүргэж орхив. 

 Тэгвэл өчигдөр сард 1000-5000 залуусыг сургалтад хамруулж, зөвхөн тэтгэлгийн зардалд сард 1-5 тэрбум төгрөг өгөх байсан хөтөлбөрийг түр хойшлуулах шийдвэр гаргажээ. Үүнийг сонссон олон ч "За тийм байлгүй ээ. Дахиж л ийм юм хийж нэр хүндээ бүр барах вий" хэмээцгээж байна.