А.Ариунзаяа сайд салбарынхаа бодлогын эсрэг ажилласаар байг уу, Ерөнхий сайд аа

Сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалт буюу залуучуудад итгэл үнэмшил бий болгоход Засгийн газраас 11.8 тэрбум төгрөг төсөвлөв. Тэгвэл уг хөтөлбөрийн санаачлагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа аж. “Халамжаас хөдөлмөрт” гэсэн товч хийгээд тодорхой уриаг өмнөх сайд Н.Номтойбаяраас хуулбарласан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа залуусыг хөдөлмөрлөх итгэл үнэмшилтэй болгох 1.0 сая төгрөгийн хөтөлбөрөө Засгийн газраар батлуулсан нь тэр аж. 

Сайд хатагтайн санаачилсан энэхүү хөтөлбөрийг тус яаманд Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар түр тушаалтай томилогдсон Б.Батцэцэг гэж нягтлан бодогч мэргэжилтэй хүүхэн хийсэн гэх бөгөөд хөдөлмөрийн асуудлаар мэргэшсэн хүмүүсийн хэлж буйгаар энд тэндхийн элдэв хөтөлбөрүүдээс “copy paste” хийн цуглуулсан дэндүү мэргэжлийн бус мөнгө үрэх төдий цаас хэмээж байна. Загас барьж биш загас барих ухааныг заана гэсэн том сурталчилгаатай энэ хөтөлбөрт зөвхөн энэ онд 11.8 тэрбумыг зарна. Сарын хугацаанд юу сурахаа, сурснаа яаж ажил болгохоо төдийлөн ойлгоогүй ч өгөх сая төгрөгнийх нь төлөө залуус түрүүлж бүртгүүлэх арга саам хайгаад эхэлжээ. Ажил олгогчид сарын сая төгрөгөөр цэнэглэгдсэн залуусын ямар ур чадварыг харж ажилд авахаа ойлгохгүй байгаагаа ил тод илэрхийлж байгаа.

Мэргэжлийн бус хүнээр хийлгэсэн сая төгрөг тараах энэ хөтөлбөртэй зэрэгцээд А.Ариунзаяа сайд яамандаа бүтцийн өөрчлөлт хийхээр ажилтнуудаа бужигнуулаад эхэлсэн байна. Дэд сайд Зулпхар нь Удирдлагын академийн багш нарыг хөлсөлж хийлгэсэн гэх энэхүү бүтэц яамны дарга нарын эгнээг нэмж, мэргэжилтнүүдийнхээ хүрээг хумих зорилго агуулсан юм болов уу гэх эргэлзээг салбарынханд нь төрүүлээд ажилтнууд нь ажлаа алдах вий гэсэн айдас хүйдэстэй байгаа юм билээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2016 оноос хойш гурав дахь удаагаа бүтэц хийж байгаа. Аль алийг нь гардаж хийсэн нь Төрийн нарийн бичиг дарга Г.Өнөрбаяр. Эрхэм төрийн нарийн хийж буй бүтэц бүрт төрийн албаны тогтвортой, мэргэшсэн, чадварлаг байх бодлоготой уялдуулж, төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж, цалин хөлс, ажлын  ачаалал зэрэг нийгмийн хамгааллын талаас нь сайтар анхаарч хийх үүрэгтэй. Гэтэл тус яамны энэ удаагийн  бүтэц нөгөө алдарт “Халамжаас хөдөлмөрт” урианых нь яг эсрэг болж буй.

Тодруулбал, одоо байгаа Нийгмийн хамгааллын бодлогын газраа Халамжийн бодлого, Нийгмийн даатгалын бодлого болгон хувааж, Хүн амын бодлогын газарт байсан Гэр бүлийн асуудал хариуцсан хэлтсээ газар болгон томруулж буй хэрнээ яамныхаа гол эрхлэх асуудлын нэг Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн харилцаа гэсэн хоёр газраа нэгтгэж нийлүүлэн хөдөлмөрийн чиглэлээр ажиллаж байгаагүй нягтлан бодогч мэргэжилтэй Б.Батцэцэгт хариуцуулж байгаа гэнэ. Хуучин дарга нараас хэн нь үлдэж, шинээр хэн хэн газрын дарга болох вэ гэдгээ хэдийнэ тохирчихсон. А.Ариунзаяа сайд өмнө нь ажиллаж байсан Үндэсний статистикийн хороогоо нүүлгэж ирүүлсэн дээр нь дарга гишүүдийн халаасны хүмүүсийг хөдөлгөх аргагүй тул Сү.Батболдын хадам дүү Б.Ундрал, С.Бямбацогтын төрсөн дүү С.Тунгалагтамир, экс Ерөнхийлөгч Н.Багабандийн экс бэр А.Халиунаа нараас гадна цар тахлын хуулиар түр томилогдсон Ч.Улаан сайдын гэх тодотголтой Б.Батцэцэг, А.Ариунзаяа сайдын төлөөний хүн Ч.Цэвэгдорж гэхчилэн үлдэх дарга нарын нэрс тодорхой. Эдэн дээр Барилга, хот байгуулалтын Төрийн нарийны эхнэр Н.Баярмаа нэмэгдэж буй гэсэн. Түүнд зориулан Гэр бүлийн газрыг яамныхаа бүтцэд оруулсан гэх юм билээ.

Дарга нарын асуудлыг ингэж шийдсэн А.Ариунзаяа сайд мэргэжилтнүүдээ танаж, зэрэг дэвийг нь буулган, хольж солих заримыг нь өргөдлөө бич бүтцээр чиний орон тоо байхгүй болж байгаа хэмээн толгой дараалан дуудаж тохирох, хохирох хоёрын нэгийг сонгуулах ажлыг төрийн нарийн Г.Өнөрбаяртаа үүрэг болгосон байна.

Г.Өнөрбаяр дарга ч сайдынхаа таалалд нийцүүлэхийн тулд үсээ үгтээн үрчийсэн хүн ажилтнуудаа дуудан “чи тийшээ ийшээ яв” хэмээн дарамтлах ажлыг хийхдээ Төрийн албаны тухай хуулийг гардан хэрэгжүүлэх, төрийн албанд мерит зарчмаар сонгон шалгаруулах замаар томилох, хяналт тавьж шахаж шаардах үүргээ умартан ажилтнуудаа халж солиход хамаг ухаанаа барж сууна.

А.Ариунзаяа сайд, Г.Өнөрбаяр дарга цар тахлын үед ажилтнуудынхаа сэтгэл санааг зориуд хямрааж, ажил төрлөөр нь оролдож, ахуй амьдралд нь нөлөөлөх бүтэц нэртэй энэ бужигнаанаа хийх зайлшгүй шаардлага байгаа юу гэдэгт наанадаад Төрийн албаны зөвлөл, цаашлаад Засгийн газар анхаарал хандуулах ёстой байх.

 

эх сурвалж: buzznews.mn