Х.Ганхуяг: 2021-2025 онд хэрэгжүүлэх

“Эрдэнэс Тавантолгой ХК” 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөөгөө өнөөдөр танилцууллаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Түүхэн өдөр хэвлэлийн бага хурлаа хийж байна. 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөөгөө холбогдох яамдуудаар нягталсны эцэст батлуулсан. Өнөөдрөөс хэрэгжинэ. 2020.12.20-ны өдрөөс хойш 4 сар гаруйн хугацаанд хэлэлцэн нягталж, А6-20 бизнес төлөвлөгөөг батлууллаа.

2017-2020 онд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөг мөрдөж ажилласан. Энэ бизнес төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн. Үүнээс 6 гол заалтыг амжилт гэж үзэж, амжилтаа ахиулахаар зорилт тавьсан.

А6 гэдэг нь 2017-2020 онд хийж амжуулсан болон дунд хугацаанд хийж хэрэгжүүлэх төлөвлөгөө юм. Харин 20 нь том зорилтууд тусгагдсан.

5 жилийн хугацаанд 10.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хамаарал бүхий төсөл хөтөлбөрүүд, хараат санхүүжүүлэгч компаниудаа санхүүжүүлж, бизнесээ хөгжүүлнэ. Энэ жил үндэсний их бүтээн байгуулалтын жил буюу барилгын ажил өрнөнө. Үүнийг үсрэнгүй хөгжлийн үе шат гэж үзсэн. 

2050 гээд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн урт хугацааны стратеги төлөвлөгөө бий. Өсөлт хөгжлийн үе гэсэн томьёололтой.

Нийт 5 жилийн хугацаанд 32 их наяд төгрөгийн орлоготой ажиллана. Компанийн үнэлгээ өнөөдөр 13.4 их наяд байгаа. Энэ бол бизнесийн үнэлгээ биш. Нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр Засгийн газраас үнэлсэн. Гадаадын аудитын компаниар бизнесийн үнэлгээгээ хийлгэсэн.  5 жилийн дараа гэхэд 50 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий үндэсний том компани болж хөгжинө. 20 төсөлд 5500 шууд аждын байр бий болгоно.

Өнгөрсөн хугацаанд

  • Нүүрсний нөөцийг анх удаа батлуулсан.
  • Компанийн үнэ цэнийг бизнесийн агуулгаар нь тогтоосон.
  • Алдагдалгүй үргүй болгож, ашигтай ажиллуулсан.
  • 1072 хувьцааг улс төрийн зорилгогүйгээр ашиглуулж, иргэдэд ногдол ашиг тараасан.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлийн утааг 50 хувь бууруулахтай холбоотой Тавантолгой түлш компанийг санхүүжүүлж ажилладаг.
  • Ажлын байрны нөхцөл чанарыг сайжруулж, ажилчдын цалинг нэмэгдүүлсэн.

20 төслийг хамтран хэрэгжүүлнэ. Үүнээс шууд хамааралтай 8 төсөл бий. Үүнд

  • Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам
  • Тавантолгой- Зүүнбаянгийн төмөр зам
  • Тавантолгой дулааны цахилгаан станц
  • Уулын тоног төхөөрөмж буюу өөрийн техниктэй болж өртгийг бууруулж, үйл ажиллагаа эрчимжүүлнэ
  • Усан хангамжийн төсөл буюу говийн бүсийг усаар бүхлээр нь хангана.
  • Нүүрс баяжуулах үйлдвэр
  • Конвейерийн систем
  • Бусад буюу ачилт, ложистикийн төвийг компани өөрөө хариуцан ажиллана.

2021, 2022 он бол "Эрдэнэс Тавантолгой" ХК бүсээ чангалж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт руу орох жил байгаа. Иймээс 2023 онд  7 их наяд, 2024 онд 9 их наяд, 2025 онд 10 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллана. Үүний хүрээнд

  • 2023 онд улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлнэ. Цэвэр ашиг нь 2. 6 их наяд
  • 2024 онд улсын төсөвт 2 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлнэ. Цэвэр ашиг нь 3.2 их наяд
  • 2025 онд улсын төсөвт 2.3 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлнэ. Цэвэр ашиг нь 3.7 их наяд төгрөг байна.

Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай иргэн 669.7 мянган төгрөгийн ногдол ашиг авна. Үүнээс цааш өсөн нэмэгдэх хэлбэрээр явна.

2021 онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой. Үүний 1.5 их наяд төгрөгийг Бонд гаргаж босгохоор Санхүүгийн зрхицуулах хороо болон Хөрөнгийн биржид материалаа өгчихсөн. Үлдсэн 1 их наяд төгрөгийг 2021 оны үйл ажиллагааны зардлаас санхүүжүүлнэ.

Анх удаа төрийн компани иргэддээ болон гадаадад анх удаа нээлттэй хэлбэрээр бонд гаргаж байгаа. 3 сарын 25-нд нээлттэй зарлаж 31-нд арилжина гэсэн төлөвлөгөө бий. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2.5 сая хувьцаа эзэмшигч бий. Тэд бонд эзэмшигч болох боломжтой.

Олон улсын зах зээл дээр IPO гаргахаар төлөвлөж байсан ч нөхцөл байдалтай холбоотойгоор больж, бонд гаргахаар шийдвэрлэсэн" гэлээ.