Б.ЖАВХЛАН:  Гурван хувийн хүүтэй, хоёр их наядын зээлийг маргаашнаас олгож эхэлнэ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны удирдлага яг одоо хийж байна

Ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийг гуравдугаар сарын 10 буюу маргаашнаас олгож эхлэхээр болжээ. Мөн хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн энэ долоо хоногоос олгож эхлэх юм байна.

Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн сард Засгийн газраас эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих цогц төлөвлөгөөг танилцуулсан. Ийн иргэд, аж ахуйн нэгж рүү чиглэсэн зээлийн үйлчилгээ өнөөдрөөс эхэлж байна. Мөн төлөвлөгөөнд дурдагдсан бусад санхүүжилтийн зээлүүд хэвийн үргэлжилж байгаа.

Ажлын байрыг дэмжих гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй, зээлийг олгоход бэлэн болсон. Үүнд шаардлагатай бол төрөөс 60 хүртэл хувийн зээлийн батлан даалт гаргаж өгнө. Цогц төлөвлөгөө зургаан чиглэлтэй. Зургаан яам чиглэл тус бүрд хариуцан ажиллана. Энэ зээлийг олгохоор Төв банк арилжааны банкуудтай хэлэлцээр хийж, судалгаанд үндэслэн хэрэгжүүлэхээр болсон.

Зээлийн нөхцөлд төрөөс тавьж буй ганцхан шаардлага байгаа. Аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгч байх хэрэгтэй. Бүртгүүлж амжаагүй аж ахуйн нэгжүүд байвал өнөөдөртөө багтаад бүртгүүлээрэй. Энэ удаад иргэдэд зээл олгож байгаагаараа онцлог. Төлөвлөгөөг танилцуулснаас хойш арилжааны банкуудад нэлээд хүсэл ирсэн байна. Үүнд бичил, өрхийн бизнес эрхлэгдэг иргэд оролцоно. Өмнө нь ийм иргэд зээлд хамрагдалгүй хоцорчихдог байсан. Тухайлбал, зах дээр худалдаа эрхэлдэг иргэд хамрагдана. Энэ зах зээл дээр ажилладаг банкууд дээр судалгаа хийсэн. Үүнд хэрэглээний зээл орохгүй. Зөвхөн бизнес эрхлэгчид хамрагдана.

Судалгаагаар иргэдийн 80-90 хувь нь ийм зориулалтын зээл авдаг юм байна. Тиймээс 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэй зөрүү долоон хувийг нь төрөөс санхүүжүүлж иргэдэд олгох юм. Одоо ирсэн байгаа хүсэлтээр 20-25 мянган иргэн хамрагдах судалгаа гарсан. Аж ахуйн нэгжүүдийн тухайд 500 сая хүрэл зээл авна. Хүсвэл зээлийн батлан даалт гаргуулж болно" гэлээ.

Түүнчлэн манай улсад 830 мянган ажил олгогч бүртгэлтэй байдаг. 2020 онд 69 мянган ажлын байрыг алдсан бөгөөд хэрэв эдийн засгийн идэвхжүүлэлт хийхгүй бол нэмээд 130 мянган ажлын байр алдах эрсдэл учраад байгаа аж. Тиймээс зээлээр дамжуулж эдийн засгийн идэвхжил хийж байгаа нь энэ аж. Түүнчлэн эдийн засгийн идэвхжлийг сэргээх гурван арга байдаг. Үүнд: 

1.   Зээл

2.   Төсөв буюу төсвийн гүйцэтгэл хөрөнгө оруулалт

3.   Гаднын хөрөнгө оруулалт багтдаг юм байна.

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/430297841366619